mn GB
Mobile menu

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолын хавсралт

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ

БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг.Ерөнхий зүйл

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4.1-д “Иргэдийн терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалагдах нөхцөлийг сайжруулна” гэж, 3.4.4.3-т “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлнэ” гэж, 3.4.4.4-т “Нийгэмд эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ” гэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.3-т “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг.

Монгол Улсын төр мансууруулах бодисын талаарх олон улсын санал, санаачилга болон үүрэг, зорилтыг хангахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, 2002 онд баталсан Эрүүгийн хуульд дээрх төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бий болгож, 2000-2005 онд “Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны тайланд Америк болон Баруун Европын улс онуудад каннабисийн, Алс болон Ойрхи дорнод, Зүүн өмнөд Азийн улс орнуудад амфетамин, синтетик төрлийн хар тамхины хэрэглээ, үйлдвэрлэл ихээр нэмэгдэж, зах зээл өргөжиж байгаа талаар дурджээ. Түүнчлэн уг тайланд хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, хууль, эрх зүйн болон бусад сул талыг нь ашиглан зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрлэлээ дээр дурдсан улс орнуудад шилжүүлэн байрлуулж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхийн 127 орны цагдаагийн болон хар тамхитай тэмцэх албаны оролцсон “Үндэстэн дамнасан хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаахтай тэмцэх асуудал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох нь” сэдэвт ээлжит 33 дугаар хурлын үеэр илтгэлд тэмдэглэсэн тоо мэдээгээр сүүлийн жилүүдэд 40 орчим шинэ нэр төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс молекулын бүтцийг өөрчлөх замаар химийн урвалд оруулсан “Плакка”, “Молли” гэх ургамлын гаралтай бодис дэлхий даяар хурдацтай тархаж байгаа гэжээ.

Европын холбооны улс орнуудад метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, кокаин, героин, Азид ICE буюу метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, героин, кокаин, Төв азид каннабисийн хэрэглээ өсч, улмаар хууль бус үйлдвэрлэл болон эмийн хэрэглээ нэмэгдсээр байна. Хүн худалдаалах, мансууруулах бодис наймаалах, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, түүх соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлт, терроризм, хууль бус цагаачлал, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах гэмт хэргүүд байнга үйлдэгдэх болсон бөгөөд тэдгээрийн санхүүгийн эх үүсвэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс олдог бохир мөнгө бүрдүүлдэг байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчлийн тоо ихсэх болсон бөгөөд цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд БНХАУ-аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс (ICE) болон мансууруулах ургамлын гаралтай шавар (Hаshish), ОХУ-аас сэтгэцэд нөлөөт анданте зэрэг эм хууль бусаар нийлүүлэх болжээ.

Гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 126 иргэн хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үүнээс тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бол 2016 онд 18 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Манай орны зарим нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг 9 овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал нь манай улсын 14 аймгийн 49 гаруй сумын нутаг дэвсгэрт 15,000 орчим га талбайд ургадаг гэсэн судалгаа байдаг бөгөөд түүнийг механик аргаар устгахад 1 га талбайд гарах зардлыг 53,300 төгрөг, химийн аргаар устгахад 40,300 төгрөг тус тус байхаар холбогдох мэргэжлийн байгууллагаас тооцон гаргасан боловч төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан дээрх төрлийн ургамлыг устгах ажил хангалтгүй хийгдэж ирсэн.

Түүнчлэн хүүхэд, залуучууд бие биеэ даган дуурайх, цахим сүлжээнд энэ тухай мэдээлэл хяналтгүй цацагдах, гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн байгууллагын уялдаа холбоо муу, одоо ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж нь орчин үеийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй болсон, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй, хэрэглэгч, донтогч болсон хүнд үзүүлэх эмнэлгийн, сэтгэл зүйн болон нийгмийн тусламж, үйлчилгээний стандарт байхгүй зэрэг нь манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсөн нэмэгдэхэд сөргөөр нөлөөлж байна.

Иймээс холбогдох хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ард иргэдийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нь олон нийтэд ухуулан таниулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад хамтын ажиллагаа болон дотоодын мэргэжлийн байгууллага, салбар хоорондын оролцоог бэхжүүлэх, уялдуулах зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг боловсруулав.

Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2.Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

Зорилт 2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, үйл ажиллагааны чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын уялдаа холбоог сайжруулах;

Зорилт 3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах;

Зорилт 4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах, тэдгээрийг арилгах арга замыг оновчтой тодорхойлох;

Зорилт 5.энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх.

Гурав.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1.Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулж батлуулах;

3.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай НҮБ болон олон улсын байгууллагын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судлах, дотоодын хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцүүлэх талаар холбогдох хуулийн төслийг боловсруулан батлуулах;

3.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт өндөртэй гадаад улсын Засгийн газартай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх болон ялтан шилжүүлэх гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

3.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллага болон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.5.НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан жагсаалтын дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн батлуулах;

3.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдийн обьектив, субьектив нөхцөл байдал, бодисын нэр томьёо, найрлага, тунгийн хэмжээ (их, бага, онц их)-г нарийвчлан тодорхойлох аргачлал, түүний нийгэмд үзүүлэх хор уршиг зэргийг үндэслэн ялын бодлогыг ялгамжтай тогтоох асуудлыг судлах;

3.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисод донтсон этгээдэд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, эмчилгээний стандарт бий болгох;

3.1.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэхийг өдөөн хатгах, уриалан дуудах, турхирах, түүнчлэн хууран мэхлэх замаар энэ төрлийн бодисыг бусдад хэрэглүүлсэн этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулан ялын бодлогыг чангатгах, эм, эмнэлгийн чиглэлээр бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тэдгээрт оногдуулах хариуцлагын тогтолцоог оновчтой болгох;

3.1.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

3.2.Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах, тагнуул, гааль болон бусад холбогдох байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

3.2.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүрэг бүхий ажилтнуудын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах;

3.2.3.Ази, Номхон далайн бүсийн зөрчлийн мэдээллийн төв болон гадаад улсын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

3.2.4.хууль сахиулах, тагнуулын байгууллага гадаад улс болон хил орчмын бүс нутгийн эрх бүхий байгууллагатай үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох, гадаад, дотоод нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр хүргүүлж байх;

3.2.5.хилийн бүс, зурваст ургаж байгаа сэтгэцэд нөлөөт, мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац, байршлын судалгааг гаргаж, тэдгээрийг устгах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

3.2.6.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн орон нутаг дахь салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) харьяа нутаг дэвсгэртээ зэрлэг байдлаар ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай аргаар устгах арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах.

3.3.Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

3.3.2.иргэдийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаарх мэдээллээр хангах, ухуулан таниулах ажлыг олон нийт, төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

3.3.3.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг харуулсан урлагийн бүтээл, нийтлэл, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх, бэлтгэх, борлуулах, хэрэглэх аргачлалыг харуулсан, уриалан дуудсан сөрөг сурталчилгаа хийхийг хориглох, хариуцлага оногдуулах эрх зүйн орчинг бий болгох;

3.3.4.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, семинар, симпозиум зохион байгуулах, түүнээс гарах зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.3.5.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтыг бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, залуусын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагаас гарсан санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах;

3.3.6.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг бууруулах, эмчлэх, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах;

3.3.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шалтгаант донтох эмгэгийн оношилгоо, эмчилгээний тусгайлсан удирдамж, стандартыг шинэчлэн боловсруулж, орлуулах болон диаморфины орлуулах эмчилгээний стандартыг шинээр боловсруулан батлуулах;

3.3.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шалтгаант донтох эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий түргэн тусламжийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, чадваржуулах, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;

3.3.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шалтгаант эмгэгтэй болон мансуурсан хүнд сайн дурын болон албадан эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээний төв байгуулах;

3.3.10.мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх багаж хэрэгслийг эмийн сангаар хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах, түүнийг импортоор оруулахад татвараас чөлөөлөх асуудлыг судлах;

3.3.11.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, бодисын экспорт, импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт тогтмол хийх;

3.3.12.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын харьяат иргэдийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх тухайн улсын хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх;

3.3.13.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын идэвх, санаачилгыг дэмжих, хамтран ажиллах.

3.4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага хооронд ашиглах мэдээллийн нэгдсэн сан бий болгох;

3.4.2.их, дээд сургуулийг түшиглэсэн эрдэм шинжилгээний байгууллагаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний шалтгаан нөхцөлийн талаар суурь болон хавсарга судалгаа хийлгэх;

3.4.3.ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн коллеж, их, дээд сургуулиудын сурагч, оюутны дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, тархалтын талаар судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

3.4.4.салбар зөвлөл нь харьяа нутаг дэвсгэртээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

3.4.5.салбар зөвлөл нь харьяа нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэргийн хор хөнөөлөөс хүүхэд, залуучууд, иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулах, тогтмол ажиллуулах нөхцөлийг бий болгох.

3.5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 5 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1.цагдаа, гааль, шинжилгээний байгууллагын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх шинжлэх орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэх, тэдгээрийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судлах;

3.5.2.цагдаа, гааль, шинжилгээний байгууллагын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээний стандарт боловсруулж мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх;

3.5.3.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх нохойн сургалтын төв байгуулж, холбогдох байгууллагуудыг үнэрч нохойгоор хангах;

3.5.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх асуудлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;

3.5.5.цагдаа, тагнуул, хил хамгаалах, гааль, хүн эмнэлгийн байгууллагын ажилтныг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх, таслан зогсоох, шинжлэх, эмчлэх арга зүйн чиглэлээр мэргэшүүлэх, давтан сургах, чадваржуулах;

3.5.6.шүүхийн шинжилгээний болон гаалийн байгууллагын лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх, ажиллагсдын ажлын нөхцөлийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын чиг үүргийн хүрээнд хийгдэх шинжилгээг үнэ төлбөргүй болгох, эсхүл шинжилгээний төлбөрийг улсын төсөвт тусгах асуудлыг судлан шийдвэрлэх;

3.5.7.сэжиг бүхий этгээдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх багаж хэрэгслээр (анхан шатны) замын болон хэв журмын цагдаа, яаралтай түргэн тусламжийн эмч, хил хамгаалах, гаалийн байгууллагын алба хаагчдыг хангах;

3.5.8.интерполын үндэсний төв товчоонд монголын талын төлөөлөгчийг ажиллуулах.

Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат

4.1.Хөтөлбөрийг 2017-2021 онд дараах үе шаттай хэрэгжүүлнэ:

I үе шат: 2017-2019 он

II үе шат: 2019-2021 он

4.2.Хөтөлбөрийн I үе шатанд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1.хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу нийслэл, орон нутагт хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

4.2.2.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ажлын шинэ арга замыг тодорхойлох;

4.2.3.хууль сахиулах, тагнуул, гааль, эрүүл мэндийн байгууллагын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлж, ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх;

4.2.4.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг иргэдэд тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулах.

4.3.Хөтөлбөрийн II үе шатанд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1.хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, уг үр дүнд суурилан дараагийн үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих;

4.3.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай холбоо харилцаа, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хангах;

4.3.3.мэдээллийн нэгдсэн тогтолцоо, санг бий болгох;

4.3.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шалтгаант эмгэгтэй болон мансуурсан хүнд сайн дурын болон албадан эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээний төвийг байгуулах.

Тав.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

5.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын уялдаа холбоо, зохицуулалтаар хангах, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүргийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо хариуцах бөгөөд хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.

5.2.Үндэсний хорооны Ажлын албаны үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх) гүйцэтгэнэ.

5.3.Үндэсний хороо дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.3.1.хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг хэлэлцэж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.3.2.хөтөлбөрийн хэрэгжилтийн салбар дундын уялдаа холбоог зохицуулах;

5.3.3.хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, дүнг жил бүр Засгийн газарт танилцуулах.

5.4.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Салбар зөвлөл бүх шатны Засаг даргатай хамтран гүйцэтгэнэ.

5.5.Салбар зөвлөл нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр гарган Ажлын албанд хүргүүлэх бөгөөд жил бүр Үндэсний хороонд үр дүнг тайлагнана. 

Зургаа.Хөтөлбөрийн санхүүжилт

6.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2.олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

6.1.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж;

6.1.4.бусад эх үүсвэр. 

Долоо.Хөтөлбөрийн хүрэх үр дүн, үр нөлөө, шалгуур үзүүлэлт

7.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

7.1.1.хөтөлбөрийн 1 дүгээр зорилтыг хэрэгжүүлснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр НҮБ-аас баталсан гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орж, дотоодын хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцүүлэх замаар эрх зүйн орчин боловсронгуй болно. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий гадаад, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.

7.1.2.хөтөлбөрийн 2 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр мансууруулах эм, эд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд ахиц дэвшил гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна.

7.1.3.хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх хүүхэд, залуучууд, иргэдийн мэдлэг дээшилж, донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болно. Ингэснээр нөхөн үржихүй болон хүн амын удмын санг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах нөхцөл бүрдэнэ.

7.1.4.хөтөлбөрийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлснээр төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн суурь болон хавсарга судалгааны дүнд суурилан төлөвлөж боловсруулдаг болно. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй хэрэгжих нөхцөл бий болно.

7.1.5.хөтөлбөрийн 5 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг богино хугацаанд илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн судлах орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаж, алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилснээр энэ төрлийн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц дэвшил гарна.

7.2.Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр тооцно:

7.2.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн зүйлчлэлийг ялгамжтай тогтоох, оногдуулах ялын бодлогыг чангатгах асуудлыг Эрүүгийн хуульд тусгаж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг холбогдох хууль тогтоомж батлагдаж, хууль эрх зүйн орчин боловсронгуй болсон байна.

7.2.2.донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий төвийг нийслэлд 1, орон нутагт 3-ыг тус тус байгуулж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.

7.2.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үүднээс мэргэжлийн байгууллагатай хамтран суурь болон хавсарга судалгаа тус бүр нэгийг хийж, судалгааны үр дүнг бодлогын баримт бичигт тусгаж, холбогдох байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг болно.

7.2.4.шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лабораторийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг богино хугацаанд илрүүлэх, шинжлэн судлах орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангасан байна.

7.2.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих, шинжлэн судлах чиг үүрэг бүхий байгууллагын 150 алба хаагчийг чадавхижуулж, гадаад, дотоодын урт болон богино хэмжээний сургалтад хамруулсан байна.

7.2.6.зэрлэг байдлаар ургаж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай аргаар устгах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран 8 аймагт зохион байгуулна.

7.2.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн илрүүлэлт өсч, гаралт буурсан байна.

Найм.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,

 үнэлгээний төлөвлөгөө

8.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг жил бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Үндэсний хороо, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ.

8.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүр Засгийн газарт танилцуулна.

 8.3.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга Салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэж, зөвлөмж бүхий тайланг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.4.Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

8.5.Явцын болон үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно.