Гаалийн бүрдүүлэлтийн горимыг 6 ангилж, 22 төрлөөр 198 горимын кодоор мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулж гаалийн бүрдүүлэлт хийх боломжтой.Эдгээр горимоос манай улсад хэрэгжиж байгаа 3 төрлийн боловсруулах горимын талаар товч мэдээлэл хүргэж байна.
Дотоодод боловсруулах горимын үндсэн зорилго нь дотоодын үйлдвэрлэгч нарт өөрсдийн бараа, үйлчилгээг гадаадын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр гаргах боломж олгох, ингэснээр эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжих, дотоодын ажиллах хүчийг ажлын байрны боломжоор илүү хангах, тухайн салбарын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд тус дэм үзүүлэх явдал юм.
Гадаадад боловсруулах горимын гол зорилго нь үндэсний үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлийн өртгөө бууруулж, тэгснээр бүтээгдэхүүнээ илүү өрсөлдөхүйц үнэтэй болгоход оршино.Энэ горимыг уг боловсруулах үйл ажиллагаа нь үндэсний эрх ашигт хохирол учруулахгүй гэж урьдчилан тооцоолсон нөхцөлд хэрэглэж болно.
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт болон “Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай ОУ-ын (Шиэнчлэн найруулсан Киотогийн конвенц) конвенцийн F хавсралтын 1 дүгээр бүлэгт “Дотоодод боловсруулах”, 2 дугаар бүлэгт “Гадаадад боловсруулах”, 4 дүгээр бүлэгт “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах” горимын талаар дэлгэрэнгүй тусгасан байна.
Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим.
Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу 90.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг ирүүлж шийдвэрлүүлнэ.
Гадаадын барааг гаалийн болон бусад татварыг бүрэн төлүүлж тухайн горимд байршуулна. Боловсруулалт хийгдсэний дараа хугацаанд нь барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд байршуулахад түр дансанд байршуулсан татварын зөрүүг буцаан олгоно.
Барааг үйлдвэрлэх эсхүл боловсруулахад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд холбогдох бараа, эсхүл түүгээр боловсруулсан бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.
Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим
Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд ГТХ-ийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд нь гаалийн удирдах төв байгууллагад урьдчилан хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимд гадаадын барааг гаалийн байгууллагад мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж боловсруулалт хийсэн барааг хугацаанд нь буцаан гаргана.
Анх горимд байршуулахад гаалийн болон бусад татварыг түр дансанд байршуулж эсхүл татвар төлөх баталгаа гаргана.
Боловсруулалт хийсэн барааг гаалийн бүрдүүлэлт хийж буцаан гаргасан тохиолдолд түр дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгоно.
Барааг үйлдвэрлэх эсхүл боловсруулахад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим нь барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.
Барааг хилийн чанадад боловсруулах горим
Гаалийн бүрдүүлэлт хийгдэх гаалийн байгууллага горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийг хийнэ. /Гаалийн удирдах төв байгууллагад хандах шаардлагагүй/
Монголын барааг хилийн чанадад гаргаж, боловсруулалт хийгдэн хугацаанд нь буцаан оруулах горим юм.
Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн бараа нь экспортын татвартай бол татварыг ногдуулан төлүүлж түр дансанд байршуулах, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан байна.
Хилийн чанадад боловсруулахаар гаргасан барааг хугацаанд нь буцаан оруулсан тохиолдолд өмнө нь гарахад түр дансанд байршуулсан экспортын татварыг буцаан олгоно.
Гаалийн байгууллага монголын барааг хилийн чанадад боловсруулах явцад гарсан боловсруулалтын зардал болон барааг хил хүргэх зардалд, мөн монголын барааг гадаадын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол гадаадын барааны үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргачлалын дагуу тодорхойлж, гаалийн болон бусад татварыг ногдуулан хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.
Барааг хилийн чанадад боловсруулах горим нь түүнийг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно.
Барааг боловсруулах горим
Горимын нэр |
Хууль, тогтоомж |
Боловсруулах үйл ажиллагаа |
Горимд байршуулах бараа |
Гаалийн болон бусад татвар |
Хугацаа |
Хугацаа сунгалт |
|
1 |
Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим |
ГТХ-ийн 85-92 дугаар зүйл, ГТГТТХ, 2016 оны ГТЕГ-ын А/40 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт |
Тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах; Тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх; |
Гадаадын бараа |
Горимд байршуулах бараанд импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, тусгай дансанд байршуулна. Боловсруулалт хийгдсэн барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахад ногдох татварыг тооцож, түр дансанд байршуулсан татварын зөрүүг буцаан олгоно. |
1 жилээс дээшгүй |
6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно |
2 |
Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим |
ГТХ-ийн 99-107 дугаар зүйл, ГТГТТХ, 2016 оны ГТЕГ-ын А/40 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт |
Тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах; Тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх; Тухайн бараанд засвар хийх; Тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах; |
Гадаадын бараа |
Тухайн горимд байршуулахад гаалийн болон бусад татвар ногдуулж, төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ, боловсруулалт хийгдсэн барааг буцаан гаргахад дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгоно. |
1 жилээс дээшгүй |
6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно |
3 |
Барааг хилийн чанадад боловсруулах горим |
ГТХ-ийн 125-131 дүгээр зүйл, ГТГТТХ, 2016 оны ГТЕГ-ын А/41 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт |
Тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах; Тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх; Тухайн бараанд засвар хийх; Тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах; |
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын бараа; Бусад горимоос оруулах бараа |
Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн бараа нь экспортын татвартай бол татварыг ногдуулан төлүүлж түр дансанд байршуулж, буцаан оруулсан тохиололд татварыг буцаан олгоно. |
1 жилээс дээшгүй |
6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно |
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГАЗАР