mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ

Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны талаар

  1. Тусгай зөвшөөрлийн хууль эрх зүйн орчин

а. Олон улсын конвенци, багц стандарт :

Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын Ерөнхий хавсралтын 8 дугаар бүлгийн “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ХООРОНДЫН ХАРИЛЦАА” хэсгийн:

8.1 Стандарт “Холбогдох этгээд нь гаалийн байгууллагатай өөрөө шууд харилцах эсхүл өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр дамжуулан харилцах эсэхийг сонгож болно.”

8.2 Стандарт “Бусад этгээдийн өмнөөс гаалийн байгууллагатай харилцах гуравдагч этгээдийн нөхцлийг үндэсний хууль тогтоомжид заасан байх бөгөөд мөн гаалийн болон бусад татварыг барагдуулах болон явцын дунд гарах аливаа хариуцлагын талаар хүлээх үүргийг заасан байна.” гэж тус тус заасан бөгөөд Монгол улс уг конвенцид 2006 онд нэгдэн орсон болно.

Дэлхийн гаалийн байгууллагаас 2005 онд баталсан “Дэлхийн хэмжээний гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай суурь стандарт”-ын “Гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх” зорилтыг хангахад гадаад худалдааны бараа эргэлтийг хурдасгах, хөнгөвчлөхөд гаалийн зуучлалын үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолсон. Гааль бизнесийн түншлэлийн систем нь зэргэлдээ орших хилийн боомтоор нэвтэрч байгаа худалдааг хөнгөвчлөх үүднээс мэдээллийн технологийг ашиглах, шаардлагын хэмжээнд ажиллаж чадвартай импортлогч, экспортлогч, гаалийн зуучлагч, тээвэр зууч, тээвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдэд тусгай хөнгөлөлтийг үзүүлэх зэрэг гаалийн өдөр тутмын ажилд чанарын итгэмжлэл олгох явдалд суурилах ёстой. Тухайлбал, Стандарт 3. Итгэмжлэл олгох “Гаалийн байгууллага худалдаанд оролцогч хүрээнийхний хамтаар итгэмжлэл олгохдоо тусгай шалгуураар эрх олгоно.”

Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалтуудтай хамаарах зүйлийн 10.7-д гаалийн зуучлагчийг ашиглах, зөвлөгөө өгөх талаар тусгасан байдаг ба Монгол улс уг байгууллагад 1997 онд гишүүнчлэлээр элссэн байна.

б. Монгол улсын хууль тогтоомж:

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 хэсэг, 15.4.7 дахь заалт болон Гаалийн тухай хуулийн 66.2. дахь хэсэгт “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.“ гэж тус тус заасан. Уг зөвшөөрлийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 6.1 хэсгийг үндэслэн 3 жилийн хугацаатайгаар олгож, 6.2 хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар сунгана.

Гаалийн байгууллага гаалийн зуучлагч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд Гаалийн тухай хуулийн зургаа, долдугаар дэд бүлэг болон Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 388 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу хяналт тавина.

  1. Гаалийн зуучлалын тухай ерөнхий ойлголт

Гаалийн үйл ажиллагааг ил тод, ойлгомжтой, нийтэд дөхөм болгох, гаалийн бүрдүүлэлтийг чирэгдэл багатай түргэн шуурхай гүйцэтгэхэд гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна гааль бизнес эрхлэгчдийн дунд зуучлах үүрэг бүхий гаалийн зуучлагчийн институцийн үйл ажиллагаа чухал юм.

Гаалийн зуучлал нь барааны ангиллыг тодорхойлох, барааны гаалийн үнийг тодорхойлох, барааны тоо хэмжээ, жинг гаргах, гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг сонгох, гаалийн мэдүүлгээр барааг гаалийн байгууллагад мэдүүлэх, бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлөх, гаалийн бүрдүүлэлт хийж дууссан тухай зуучлуулагч  этгээдэд үр дүнг мэдээлэх гэх мэт барааг гаалийн хяналтад  орохоос эхлэн гаалийн хяналтнаас гарах бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх чухал үүрэгтэй.

а./ Зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлага

Гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллага иргэдийн гаалийн мэдүүлгийн нөхөн бичилтийг үнэн зөв бөглөх дадлага туршлага бага байгаагаас гадна цаг хугацаа хэмнэх үүднээс зуучлагч байгууллагаар дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийж байна. Түүнчлэн хилийн боомт шинээр нээх, зарим хилийн боомтын ажиллах цагын хуваарийг уртасгах, 24 цагаар ажиллуулах, зарим  түр ажиллагаатай боомтыг байнгын ажиллагаанд шилжих зэрэг боомтын үйл ажиллагаа өргөссөнөөр зуучлагчийн шаардлага нэмэгдэж байна.

б./ Гадаад орны туршлага

ОХУ-д Гаалийн байгууллагаас тавигдсан нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид , БНХАУ-д аж ахуйн нэгжид итгэмжлэлээр уг зөвшөөрөл олгодог байна. Хөгжингүй бусад оронд /АНУ, БНСУ/ гаалийн зуучлагчийн лизенцтэй байдаг байна.

в./ Интернет бүрдүүлэлт

Гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогч нарт зуучлагч аж ахуйн нэгжээр дамжихгүйгээр СЕРS систем ашиглан барааг гаалийн байгууллагад мэдүүлж, интернет бүрдүүлэлт хийх бололцоог ч бас бүрдүүлсэн. Ингэснээр зуучлалын хөлс төлбөр төлөхгүйгээр барааг гаалийн байгуулагад өөрсдөө мэдүүлнэ. 2017 оны эхний 5-р сарын байдлаар интернетээр мэдүүлсэн мэдүүлгийн нийт тоо 47009 буюу нийт мэдүүлэгт эзлэх хувь 16.24% байна.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ХООРОНДЫН ХАРИЛЦАА

8.1 Стандарт

Холбогдох этгээд нь гаалийн байгууллагатай өөрөө шууд харилцах эсхүл өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр дамжуулан харилцах эсэхийг сонгож болно.

8.2 Стандарт

Бусад этгээдийн өмнөөс гаалийн байгууллагатай харилцах гуравдагч этгээдийн нөхцлийг үндэсний хууль тогтоомжид заасан байх бөгөөд мөн гаалийн болон бусад татварыг барагдуулах болон явцын дунд гарах аливаа хариуцлагын талаар хүлээх үүргийг заасан байна.

8.3 Стандарт

Холбогдох этгээд өөрөө гаалийн бүрдүүлэлт хийх тохиолдолд гаалийн байгууллага нь гуравдагч этгээдээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхэд тавих шаардлагаас илүү хатуу шаардлага тавих, тааламжтай бус хандахгүй байна.

8.4 Стандарт

Гуравдагч этгээдээр итгэмжлэгдсэн этгээд нь түүнийг өөрийн нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийхээр итгэмжилсэн этгээдийн эдлэх эрхийг мөн адил эдэлнэ.

8.5 Стандарт

Гаалийн байгууллага нь гуравдагч этгээдийг өөрийн зохион байгуулах худалдаа эрхлэгчидтэй хийх албан ёсны зөвлөлгөөнд оролцуулна.

8.6 Стандарт

Гаалийн байгууллага нь гуравдагч этгээдээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх нөхцлийг заасан байна.

8.7 Стандарт

Гаалийн байгууллага нь гуравдагч этгээдээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх шийдвэрээ бичгээр өгнө.

 

Асуулт

Зөвшөөрөл олгогч байгууллагын хариулт

1

Зөвшөөрлийн нэр

Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх

2

Зөвшөөрөл олгогч байгууллагын нэр

Сангийн яам

3

Эрх зүйн үндэслэл

(хууль, эрх зүйн актын нэр, холбогдох зүйл, заалт тус бүрийг текстээр нь тодорхой бичнэ.)

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

15.4. Санхүү, эдийн засгийн чиглэлээр:

15.4.7 дахь заалт гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх;

Гаалийн тухай хууль II хэсэг. Зургадугаар бүлэг. Долдугаар дэд бүлэг 66.2.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

4

Энэ зөвшөөрлийг авахад аж ахуй эрхлэгчээс заавал бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалт

- тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах

- 2-оос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх

- тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

- тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

- улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

- татварын өргүй байх холбогдох байгууллагын тодорхойлолт, эсхүл гэрчилгээ

- зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхтай байх

- мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон холбогдох бусад татварыг төлөх, эсхүл төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдлийн сан байгуулсан байх

- гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон гаалийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт

- компьютерийн үзүүлэлт

5

Улсын тэмдэгтийн тухай хууль

Тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу 850000 төг

6

Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа?

3 жил хүртэл

7

Зөвшөөрлийг ямар зорилгоор олгодог вэ?

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх ажлыг гаалийн зуучлагч төлөөлөн хийнэ.

Гаалийн зуучлагч нь барааг ачихаас хүлээн авах хүртэлх замд гарч болох асуудлыг урьдчилан тооцож, валютын ханш, гаалийн татварын өөрчлөлт зэргийг ямар гаалийн зохицуулалтаар шийдэж болохыг импортлогч нарт зөвлөж, гаалийн байгууллагатай харьцахад аливаа хүндрэл гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан “Дэлхийн хэмжээний гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай суурь стандарт”-ын “Гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх” зорилтыг хангахад гадаад худалдааны бараа эргэлтийг хурдасгах, хөнгөвчлөхөд гаалийн зуучлалын үйл ажиллагаа чухал үүрэгтэйг тусгасан байдаг. АНУ, Япон зэрэг оронд гаалийн зуучлалын институци “хаалганаас хаалганд” гэсэн зарчмаар хэрэгжиж буй туршлага байна.