Улс орон бүрийн гаалийн байгууллагууд өөр өөрийн хөгжлийн түүх, хууль эрх зүйн орчин, дүрэм журамтай байдаг учраас гадаад худалдааны бараа эргэлтэнд хяналт тавих, гаалийн хяналт шалгалтыг явуулах арга техник харилцан адилгүй байдаг билээ.
Дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон бусад орнуудын гаалийн байгууллагын туршлагаас үзэхэд гадаад худалдааг хөнгөн шуурхай болгоход цаг хугацаа, зардал хэмнэсэн хяналт шалгалтын үр дүнтэй хяналтын систем бол “Бүрдүүлэлтийн дараах шалгалт” гэж үздэг.
Монгол улсын гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж,иргэдийн үйл ажиллагаанд санхүүгий шалгалт хийхдээ Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, ААН-ийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Аудитын тухай хууль гэх мэт хуулиудыг мөрдлөгө болгон Дэлхийн худалдааны байгууллагын үнэлгээний хэлэлцээр болон бусад МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын хүрээнд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулан ажилладаг.
Олон улсын гэрээний заалт.
Дэлхийн улс орнуудын гаалийн байгууллага дараах бодлого, заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
ДХБ-ын хэлэлцээр
Шинэчлэн найруулсан Киотогийн конвенц
Ерөнхий хавсралт 6.6.гаалийн хяналтын системд аудитад суурилсан хяналт багтана.
Тодорхойлолт Е3./F4: Аудитад суурилсан хяналт гэж холбогдох этгээдийн худалдааны мэдээлэл, бизнесийн систем, санхүүгийн баримт, бүртгэлийг шалгах замаар мэдүүлэгийн үнэн зөвийг гаалийн байгууллага нотлох үүднээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлнэ.
Гаалийн тухай хуулинд дараах байдлаар зохицуулалт хийсэн байна.
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулна гэж заасан. /ГТХ-ийн 249.1/
Мөн барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно гэж оруулсан./ГТХ-ийн 235.4/
Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын зорилго нь гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдааны луйвартай тэмцэх, гаалийн харилцаанд оролцогчдод гаалийн хууль тогтоомжийг сайн дураар сахин биелүүлж, гаалийн үнэ, үнэлгээг өөрөө тодорхойлж татвар, хураамжийг барагдуулах нөхцлийг бүрдүүлэх замаар гадаад худалдааг хөнгөвчлөхөд оршино.
Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь дараах төрөлтэй байна;
2.1.1. иж бүрэн;
2.1.2. хэсэгчилсэн;
2.1.3. түүвэрчилсэн.
Шалгалтад хамрагдах гаалийн харилцаанд оролцогч нь Гаалийн тухай хуулинд зааснаас гадна дараах эрх эдэлнэ:
8.1.1. шалгалттай холбоотой бичиг баримттай танилцах,тайлбар авах буюу өгөх;
8.1.2. гаалийн хууль тогтоомжийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах;
Мөн Гаалийн тухай хуулинд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
8.2.1. шалгалтын бүрэлдэхүүнийг ажиллах нөхцөл, бололцоогоор хангах, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
8.2.2.шалгалтад шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаргаж өгөх;
Гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүдэд өөрөө хууль сахих боломжийг олгох үүднээс журамд дараах заалтуудыг оруулсан.
Дараах бараанд гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж байна.
6.2.1. гадаад оронд хийж гүйцэтгэсэн инженерийн болон өөрчлөн шинэчлэх шийдэл, барилга, урлал чимэглэлийн болон дизайны ажил, ерөнхий бүдүүвч болон техникийн зураг төсөл, цахим мэдээллийн сүлжээгээр хийгдэж буй биет болон биет бус хөрөнгө, хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлгээгээр илэрсэн алдааг сайн дураар мэдүүлэх;
6.2.2 гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангуулах зорилгоор;
6.2.3. барааны ангиллыг буруу мэдүүлсэн, үнэ, тоо хэмжээг болгоомжгүйгээр дутуу мэдүүлсэн зөрчил нь тухайн тайлант жилийн санхүүгийн бичиг баримтаар нотлогдсон тохиолдолд.
Шалгалтын баримтыг гаргаж өгөхгүй бол шалгалт хийлгэхээс татгалзсан гэж үзэж шалгалтын үр дүнгээс үл хамааран тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг гаалийн эрсдлийн удирдлагын системд өндөр эрсдэл бүхий бүлэгт хамааруулж тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэлтийг нарийвчилсан бичиг баримтын болон биет шалгалтад хамруулна.
БДШ-ын ач холбогдол
Гадаад худалдаа эрхлэгчид бий болох давуу тал
Эдийн засгийг эрчимжүүлэх, хууль ёсны худалдааг дэмжих зорилгоор гаалийн байгууллага ногоон, улбар шар төлөвөөр түргэн шуурхай гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа. Гэтэл дээрх төлөвөөр гаалийн бүрдүүлэлт хийсэн ААН-үүдэд шалгалт хийхэд шалгалтаар илэрсэн зөрчил, тухайн шалгалтаас зайлсхийх тохиолдол бүрд шалгуурт өөрчлөлт оруулан дээрх төлөвөөр гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй.