Тус газар нь 2014 онд гаалийн системийн хэмжээнд ‘‘Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх’’ жил болгосонтой холбогдуулан өөрийн Бүрдүүлэлтийн дараах аудитын газрын тайлангийн хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, зорилго зорилтуудын болоод шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд ажиллах чиг үүрэг, ажлын уялдааг боловсруулан хэрэгжүүлэн ажиллалаа.
Тайлант хугацаанд тус газарт ирүүлсэн 377 албан бичгийг утгаар нь тоймлон задалж үзэхэд нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр хүсэлт гаргасан албан бичиг 235, гомдол гаргасан 2, өргөдөл гаргасан 27, мэдээлэл хүссэн 15, тайлбар гаргаж ирүүлсэн 26, албан бичгийн хариу ирүүлсэн 18, бусад чиглэлийн 54 албан бичгийг бүртгэн авч газрын даргад танилцуулж, чиглэлийн дагуу холбогдох гаалийн улсын байцаагч нарт хүргүүлж биелэлтэд хяналт тавих ажлыг гүйцэтгэлээ.
Мөн газраас явуулсан 203 албан бичгийн хүсэлт гаргасан 42, зөвлөмж 8, албан шаардлага 72 , мэдэгдэл 12, гаалийн газар,хороодод чиглэл, үүрэг даалгавар хүргүүлсэн албан бичиг 20, бусад ажлын чиглэлээр 49 албан бичгийг тус тус явуулсан байна..
Хариутай бүртгэгдсэн 18 албан бичгийг хугацаанд нь явуулж, албан хэрэг хөтлөлтийн програмд бүртгэж, мэдээллийн санг бүрдүүллээ.
Бүрдүүлэлтийн дараах аудитын газарт ирсэн болон явуулсан албан бичгийн бүртгэлийн судалгаа
2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд
Гаалийн ерөнхий газрын 10 газар, хэлтэс, дэргэдэх байгууллагаас нийт 80 дотоод зурвасыг хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэж, хариу шаардсан 27 зурваст зохих хариуг хугацаанд нь өгч ажилласан.
Бүрдүүлэлтйн дараах аудитын газраас ажлын шаардлагаар 22 хариу шаардсан, 62 санал, хүсэлт, зөвлөмжийн чанартай нийт 84 дотоод зурвасыг Гаалийн ерөнхий газрын холбогдох 12 газар, хэлтэс, дэргэдэх байгууллагад явуулсан байна.
“Цахим мэдээллийн дотоод сүлжээ”-г бий болгож уг сүлжээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу олон нийтэд гаалийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг танилцуулах үүднээс байгууллагын цахим www.ecustoms.mn сайтын цэс дэх өөрийн нэгжийн холбогдох дэд цэсэд Бүрдүүлэлтийн дараах шалгалт дэд цэс, гаалийн байгууллагын дотоод мэдээллийн сайт serp-д бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын файлын санд тус газрын 2014 оны эхний хагас жилийн ажлын товч мэдээлэл, бүрдүүлэлтийн дараах аудитын газрын ажлын 2014 оны 8, 10 сарын байдлаарх тоон мэдээллийг өмнөх нэг жилийн хугацаатай харьцуулсан үзүүлэлт, улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын харьцуулсан график, диаграм болон гааль, бизнесийн зөвлөлдөх уулзалтаар гаалийн харилцаанд оролцогч нарт бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр өгөх зөвлөмж бүхий мэдээллийг байршууллаа.
Мөн тус газрын гаалийн улсын байцаагч нарын орчуулж бэлтгэсэн БНХАУ, БНСУ, БНТУ-ын гаалийн байгууллагын гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, аудитын талаарх мэдээлэлтэй хамт олон танилцаж, өөрийн орны адил төстэй болон ажилдаа авч хэрэгжүүлвэл зохих ажлын талаар холбогдох мэдээллийг авсан.
Урьд оноос он дамжиж ирсэн 16 аж ахуйн нэгжийн шалгалт, мэдээллийн дагуу шалгасан 1 аж ахуйн нэгж, зөрчил болон бусад хэлтсээс акт тогтоолгосон 3 аж ахуйн нэгж, 14 иргэд, мөн тайлант онд эрсдлийн шалгуур судалгаагаар бүрдүүлэлтийн дараах шалгалтад хамрагдах 203 аж ахуйн нэгж нийт 237 аж ахуйн нэгж, иргэдэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийхээр удирдамж батлагдсан байна. Шалгалтад хамрагдсан 237 аж ахуйн нэгж, иргэдийн шалгалтаас 227 аж ахуйн нэгжийн шалгалт бүрэн дуусгаж, 145 аж ахуйн нэгжид буюу нийт шалгалт дууссан аж ахуй нэгжийн 63,9 хувьд акт тогтоож, 8 аж ахуйн нэгжийн шалгалт тодорхой шалтгаанаар хойшлогдож, 2 аж ахуйн нэгжийн шалгалт одоогийн байдлаар бүрэн дуусаагүй үргэлжилж байна.
2014 онд шалгалт дууссан 227 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд эрсдлийн судалгаа болон бусад мэдээллийн үндсэн дээр бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж 145 аж ахуйн нэгж, иргэдийн 22.874,2 сая төгрөгийн зөрчилд 5.824,8 сая төгрөгийн төлбөрийн актыг тогтоож, 3.479,1 сая төгрөгийн буюу 66,3 хувийн төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
2014 оны үлдэгдэлтэй байгаа 21 аж ахуйн нэгжийн 2.345,7 сая төгрөгийн төлбөрийн акт хугацаандаа барагдаагүй хүлээгдэж байна. Үүнээс 3 аж ахуйн нэгжийн 221,2 сая төгрөгийн төлбөрийг шүүхийн байгууллагад материал бүрдүүлж шилжүүлээд ажиллаж байна.
Энэ онд төлөгдсөн төлбөрийн дүнгээс шүүхийн шийдвэрээр 2 аж ахуйн нэгжийн 142,6 сая төгрөгийн төлбөр төлөгдсөн болно.
Шалгалтанд хамрагдсан нийт 237 аж ахуйн нэгжийн БДШ-ын үр дүнг харуулахад:
Өнгөрсөн онуудад төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн үлдэгдэл 28 аж ахуйн нэгжтэй холбгдолтой 26.298,2 сая төгрөгийн төлбөрөөс 9 аж ахуйн нэгжийн 539,6 сая төгрөгийн төлбөрийг барагдуулж, Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 2 аж ахуйн нэгжийн 18,8 сая төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгож, 3 аж ахуйн нэгжийн буюу “УБТЗН”-ийн 9824,1 сая төгрөгийн, “МИАТ” ХК-ийн 1695,8 сая төгрөгийн, “Энирестехнологи” ХХК-ийн 7992,0 сая төгрөгийн нийт 19.504,0 сая төлбөрийн актуудыг шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгсэхгүй болгосон байна. Урьд оноос одоо үлдэгдэлтэй байгаа 14 аж ахуйн нэгжийн 6.235,8 сая төгрөгийн төлбөрийн актыг шийдвэрлэгдэх нөхцлөөр нь задалж харуулбал 9 аж ахуйн нэгжийн 4.661,1 сая төгрөгийн төлбөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон бусад дүүргийн тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байна.
Мөн урьд оны төлбөрөөс Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа 2 аж ахуйн нэгжийн 1.394,4 сая төгрөгийн төлбөр нь “Буянпэл” ХХК, “Алтанморь” ХХК-д байна. Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт “Си Ди Эф Си Ди Эйч Эл” ХХК, “Баян элстэй” ХХК-ийн 85,2 сая төгрөгийн төлбөрийн албадан гүйцэтгэл хийгдэхээр хүлээгдэж байна.
Тайлант оны хугацаанд нөхөн бүрдүүлэлтээр 336 гаалийн мэдүүлгээр 3.531,1 сая төгрөгийн татварыг, бүрдүүлэлтийн хураамжаар 2,8 сая төгрөгийн хураамжийг тус тус ногдуулж бүрэн барагдууллаа.
Гаалийн улсын байцаагчийн хууль ёсны албан шаардлагыг биелүүлээгүй 43 аж ахуйн нэгж, иргэнд захиргааны арга хэмжээ тооцож 7,0 сая төгрөгийн торгуулийг ногдуулж бүрэн барагдуулсан байна.
Ийнхүү 2014 онд нийт дүнгээрээ 7.559,7 сая төгрөгийн орлогыг улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн байна.
2014 оны бүрдүүлэлтийн дараах шалгалтын гол үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулан үзвэл шалгалтын тоо 57-оор буюу 33,5 хувиар нэмэгдэж, тавигдсан төлбөрийн актын дүн урьд оноос 14,7 тэрбум төгрөгөөр буурсан боловч, улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын дүн 1,3 тэрбум төгрөгөөр буюу 20,6 хувиар өссөн нь эрсдлийг оновчтой тооцож, шалгалтын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлсэн үзүүлэлт болж байна.
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гол үзүүлэлтийг графикаар гаргаж харуулав.
2013-2014 оны БДШ-ын харьцуулсан гол үзүүлэлт
Дээрхи тоон харьцуулалтаас дүгнэж үзэхэд тогтоогдсон төлбөрийн дүн 14,7 тэрбум төрөгөөр буюу 71,7 хувиар буурсан нь 2013 онд шалгалтанд хамрагдсан “УБТЗ”-ын 10,3 тэрбум, “МИАТ” ХК-ийн 1,7 тэрбум, “Цахилгаан тээвэр” орон нутгийн төрийн өмчийн аж ахуйн тооцоот газар 2,9 тэрбум нийт 14,9 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоогдсоноос гол хүчин зүйл нөлөөлсөн байна.
Бүрдүүлэлтийн дараах аудитын газрын шалгалтын үр дүнгээр татварын орлого дээр дурьдсанчлан нэмэгдсэнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагууд хууль сахилтын түвшинд өөрсдийн сайн дураар дутуу болон огт мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийг нөхөн мэдүүлж татвараа төлөх болсон нь урьд оноос давтагдсан тоогоор 125 нэгжээр буюу 1.2 тэрбум төгрөгийн татварын орлого, 1,1 сая төгрөгийн хураамжийн орлого, 2,9 сая төгрөгийн торгууль нийт 1.204,0 сая төгрөгийн орлогыг нэмэгдүүлсэн нь 53.0 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа нь цаашдаа хууль сахих түвшин сайжирч, үнэн зөв мэдүүлэх хандлага гарсан нь татварын орлого нэмэгдэх үндэслэл болж байна.
Гаалийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг 1 удаа гаргаж холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж ажиллалаа.
Гаалийн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гаалийн нөхөн бүрдүүлэлтийг өөрсдийн санаачилгаар, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор бүрдүүлэлт хийлгэж байгаа 97 аж ахуйн нэгж, байгууллага, 24 иргэнд зохих зөвлөгөөг өгч, мэдээллээр хангаж ажиллаа.
Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Дүүргийн тойргийн шүүхүүд, Захиргааны хэргийн шүүх, Шүүх шинжилгээний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Үндэсний аудитын газар, Үндэсний татварын ерөнхий газар зэрэгтэй хамтарч мэдээ, мэдээллийг солилцон ажилласан болно.
Системийн хэмжээнд 2013 онд гаалийн гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нийт аж ахуйн нэгжийн статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн дүнгээр эрэмбэлж, өндөр үнийн дүнтэй аж ахуйн нэгжид шат дараатай нарийвчилсан судалгааг хийлээ.
2010-2013 онд эм, эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, тавилга зэрэг импортолсон 303 аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өндөр үнийн дүнтэй аж ахуйн нэгжийн мэдээллийг нарийвчлан судалж, бүрдүүлэлтийн дараах шалгалтанд 203 аж ахуйн нэгжийг хамрууллаа.
Тус газрын гаалийн улсын байцаагч нарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-аас Монголын Гаалийн байгууллагын “Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чадавхийг дээшлүүлэх” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа сургалт, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт болон “Фискал Аудит” ХХК-иас заасан Аудитын Олон Улсын Стандартын Өөрчлөлт, Уул уурхайн салбарын аудитын сургалт, “Интерактив” ХХК-иас явуулсан Нягтлан бодох бүртгэлийн Даймонд програм дээр ажиллах сургалтанд хамруулж мэдлэг мэдээллийг дээшлүүлэх арга хэмжээг авсан.
Тайлант хугацаанд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг эрсдлийн судалгаа, дүн шинжилгээ, бусад мэдээлэлд үндэслэн хийж гүйцэтгэснээр дээрх үр дүнд хүрсэн хэдий ч зарим анхаарах асуудлууд байсаар байна. Бүрдүүлэлтийн дараах шалгалтыг нарийн хийж гүйцэтгэхэд тулгарч буй асуудлын нэг нь CAIS програм дахь аж ахуйн нэгж, иргэний бүртгэл, гаалийн мэдүүлгийн зарим мэдээлэл хангалтгүй, аж ахуйн нэгжийн гаргасан тайлан, бүртгэл тооцоо нь дутуу, эрсдлийн мэдээлэл хангалтгүй чухам ямар шалгуураар эрсдэлтэй эсэх ойлгомжгүй гарч байгаа явдал юм.
Мөн бүрдүүлэлтийн дараах шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд ногоон, улбар шар төлөвөөр бүрдүүлэлт хийгдсэн боловч уг төлөвүүдийн шалгуурт нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Иймээс Эрсдлийн удирдлагын хэлтэстэй хамтран ажиллаж аж ахуйн нэгжийн эрсдлийг зөв оновчтой тогтоож, CAIS системд эрсдлийн критери, үзүүлэлтийг бодитой оруулах шаардлагатай гэж үзэж байна.
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагааг удирдамжийн хугацаанд хийж амжихгүй байгаа үндсэн шалтгаан нь аж ахуйн нэгжүүд санхүүгийн баримтаа шаардсан хугацаанд гаргаж өгөхгүй байгаагаас шалгалтын нилээд цаг хугацаа алдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн тайлан тооцоог гаргасан эсэх талаар эрсдлийн шалгуур үзүүлэлтийн нэг үзүүлэлт болгох нь аж ахйун нэгжүүдийн мэдээллийг бүрдүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.
Мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй шүүхийн байгууллагад хандах явдал ихсэж байгаа нь тус газрын ажлын ачааллыг ихээхэн нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Гадаад худалдаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг үнэлж зөрчилтэй болон зөрчилгүй аж ахуйн нэгжийн ялгааг бодитой гаргаж хууль ёсны худалдааг дэмжиж, хууль бусдад нь зохих хариуцлагыг хүлээлгэж, бизнесын шударга өрсөлдөөн, гадаад худалдааг дэмжиж, улс орноо хөгжүүлэхэд бидний үйл ажиллагааны оролцоо маш чухал гэдэгт итгэж байна.
БДАГ-ын 2013, 2014 оны харьцуулсан үзүүлэлтүүд
УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН 7.6 ТЭРБУМ ТӨГӨРӨГИЙН ОРЛОГЫН БҮТЭЦИЙГ УРЬД
БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ АУДИТЫН ГАЗАР