Америкийн ард түмний дэмжлэг туслалцааг хэрэгжүүлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөр, “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 08-20 –ны өдрүүдэд “Гаалийн үнэлгээ ба аудит” сэдвээр ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Гаалийн үнэ, ангиллын алба, , Сургалтын төв, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нийт 15 гаалийн улсын байцаагч нарыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг Их Британи улсын гаалийн байгууллагад 40 гаруй жил Бүрдүүлэлтийн дараах шалгалтын комиссараар ажилласан эксперт Лорэнс Гидлей Дэлхий худалдааны байгууллагын Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн Үнэлгээний хэлэлцээр, Дэлхийн гаалийн байгууллагын шийдвэрийн зөвлөмж, Их Британи улсын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын ажлын туршлагын хүрээнд дараах сэдвүүдээр 12 өдөр удирдан явууллаа. Үүнд:
***Импортын барааны гаалийн үнэ, үнэлгээний аргууд
***Хуулийн нэр томъёо
***Хууль, эрх мэдэл
***Гаалийн үнэнд нэмж тооцогдох зардал, дэмжлэг, нэмэлт төлбөр, судалгаа, боловсруулалт, Роялти болон лицензийн төлбөр
***Гаалийн үнээс хасч тооцох зардал, хөнгөлөлт, дараа үеийн борлуулалт
***Үнэ хянах заалтууд, үнийн нөлөөлөл
***Үндэстэн дамнасан корпорацийн бүтэц
***Ярилцлага хийх техникүүд, шалгалтын бэлтгэл, ярилцлагын бүтэц, хэрхэн ярилцлага хийх, асуултуудын бүтэц, ярилцлага хийх зорилго, тэмдэглэл хийх
***Бүрдүүлэлтийн дараах шалгалтанд нийцүүлэх, ажлын байранд шалгалт хийх чадвар, бүрдүүлэлтийн дараах аудит, эрсдлийн аудит, шалгалт хийх ажлын байрыг сонгох, татвар төлөлтөнд хийх аудит, мэдээлэл цуглуулах, тест хийх, аудитын бүртгэл, аудит
***Гарал үүслийн аудит, үнэлгээний аудит, үнэлгээ баталгаажуулах багц ,эрсдэл, дүгнэлт
***Бүрдүүлэлтийн дараах хяналтын хууль сахилт, татвар төлөвлөлт, татвараас зайлсхийх, залилан, шилжих үнийн бодлого
Энэхүү сургалтыг явуулснаар Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр болон Үнэлгээний хэлэлцээрийг зайлшгүй хэрхэн дагаж мөрдөх, хэлэлцээрийн зүйл заалтыг нэг мөр ойлгох, тэдгээртэй Монгол улсын хууль, журмыг нийцүүлэх, импортын барааны гаалийн үнэлгээ, ангилал, гарал үүслийн луйврыг бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илрүүлэх, олон улсын туршлагаас суралцах, ажилдаа нэвтрүүлж, ажил хэрэг болгох дадалд гаалийн улсын байцаагч нарыг мэргэшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ГАЗАР