Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм.
Тус хөтөлбөрт гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж нь сайн дураараа нэгдэж, хамрагдах боломжтой юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэн оролцдог экспортын үйл ажиллагаа, импортын үйл ажиллагаа, улс хоорондын тээвэрлэгчийн үйл ажиллагаа, тээвэр зуучийн үйл ажиллагаа, баталгаат бүсийн үйл ажиллагаа, гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тус тус эрхлэгч аж ахуйн нэгжийг хамрах юм.
Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн ойлголтыг олон улсын бичиг баримтад дараах байдлаар тодорхойлж бичсэн байдаг. Үүнд:
•итгэмжлэгдсэн хуулийн этгээд /ДГБ-ын Киото конвенц/,
•итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор /ДГБ-ын багц стандарт/,
•итгэмжлэгдсэн оператор /ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр/.
Гаалийн байгууллагаас итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн /ИААН/ хөтөлбөрийг 2010 оноос судалж эхэлсэн бөгөөд 2018 оноос албан ёсоор хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх ажил хийгдэж, БНХАУ, БНСУ, ОХУ-тай хамтарсан ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, туршлага солилцон хамтран ажиллаж, мөн ДГБ болон бусад орны гаалийн байгуулагын шилдэг туршлага, дэмжлэгийг авч ажилласны үр дүнд ГЕГ-ын даргын 2018 оны 7 сарын 6-ны өдрийн А/134 тоот тушаалаар “Гаалийн итгэмжлэл олгох журам”-ыг баталж гаргалаа.
Уг хөтөлбөр нь дээр заагдсан гадаад худалдааны төрлөөр гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжид гаалийн байгуулагаас тавьсан тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд хөнгөлөлт үзүүлэн, гааль бизнесийн түншлэлийг харилцан итгэлцэлд суурилсан хэлбэрт шилжүүлэхэд оршиж байгаа юм.
Дараах үндсэн дөрвөн бүлэг шалгуур үзүүлэлтийг хангасан хуулийн этгээдэд гаалийн итгэмжлэл олгохоор журамласан. Үүнд:
1.хууль сахилтын түвшин сайн гэж тогтоосон байх;
2.хуулийн этгээдийн үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх;
3.санхүүгийн чадавхитай байх;
4.гадаад худалдааны аюулгүй байдлын стандартыг чанд сахих.
Итгэмжлэл авахыг хүссэн хуулийн этгээд дараах нөхцөл шаардлагыг хангасан байна.Үүнд:
1. монгол улсад бүртгэлтэй байх;
2. топорхойлогдсон гадаад худалдааны төрлөөр сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
3. хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бол давуу эрхийн хувьцааг эзэмшдэг байх;
4. гаалийн болон бусад татварын өргүй байх;
5. хуулийн этгээд сүүлийн нэг жилд зөрчил үйлдэж, шийтгэл хүлээгээгүй байх;
6. хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, компанийн 10 хувь ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч, санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хуулийн зөвлөх нь сүүлийн хоёр жилд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй байх;
7. өөрийн өмчлөлийн агуулах, байр, талбай, байгууламжтай байх, хэрэв түрээсээр ашигладаг бол нэг жилээс доошгүй хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан байх;
8. гааль, гадаад худалдааны, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системтэй байх.
Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд:
1.гаалийн бүрдүүлэлтийг нэн даруй, дараалал харгалзахгүй хийх;
2.барааг эзэмшигчийн байр, агуулах, талбайд түр хугацаагаар хадгалах;
3.нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувийг бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;
4.худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар эрх олгосноор гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах;
5.нэг сарын хугацаанд хэд хэдэн ачилтаар нийлүүлэгдэх нэг нэр төрлийн бараанд зөвхөн нэг гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг багцалж урьдчилан хийх;
6.гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдлыг нэн даруй шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;
7.итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн талаар олон нийтэд сурталчлах;
8.гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран аль ч гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлт хийх;
9.итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улс оронд хөнгөлөлт эдлэх.
Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
• ААНБ-ын өрсөлдөх чадвар дээшилж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд бусаар нөлөөлнө.
• Олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
• Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ.
• Гаалийн байгууллага нөөцөө зөв хуваарилах боломж бүрдэнэ.
• Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
• Олон улсын хэмжээний хөтөлбөрт нэгдэж орсноор бусад улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах замаар гаалийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.
ИААН-ийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар хандаж авна уу.
Сүхбаатар дүүрэг
Их тойруу 81/1
Улаанбаатар хот 210620
Гаалийн Ерөнхий Газар
Гаалийн Эрсдэлийн Удирдлагын Хэлтэс
№201 тоот
Утас: 70130070
Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Гаалийн итгэмжлэл олгох журам /татаж авах/