mn GB
Mobile menu

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

GHA4

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Бүгд Найрамдах Тажик Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаагаа нүүр тулан уулзсан. Тус түүхэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талын зам” төсөл хэрэгжүүлэх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Ши Жинпин “Нэг бүс-нэг зам” санаачилга тус тус дэвшүүлж, улмаар гурван улсын хамтын ажиллагааны эх суурийг тавих, цаашид хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон билээ. Энэ санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагын дарга нарын гурван талт анхны уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон. Тус уулзалтаар БНХАУ-ын гаалийн байгууллагаас хөрш орнуудын гаалийн байгууллагууддаа хандан Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулах санал, ОХУ-ын гаалийн байгууллагаас гурван талт хамтын ажиллагааны зохицуулалтын механизм тогтоох зорилгоор гурван талт ажлын хэсэг байгуулах, мөн Монгол Улсад төвтэй Нарийн бичгийн дарга нарын газар байгуулах ажлыг Монголын талд хариуцуулах саналыг тус тус дэвшүүлсэн.

GHA5

Монголын гаалийн байгууллага хоёр хөрш орны гаалийн дарга нараас дэвшүүлсэн саналыг дэмжиж, тус ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагуудын гурван талт ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уулзалтаар “Нэгдүгээрт, Хятадын гаалийн байгууллагын санаачилан боловсруулсан “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийн төслийг Талууд эцэслэн зөвшилцсөн; Хоёрдугаарт, Гурван талт хамтын ажиллагааны зохицуулалтын механизм тогтоох Нарийн бичгийн дарга нарын газар байгуулах талаар Монголын гаалийн байгууллагаас бэлтгэсэн саналыг хэлэлцсэн” байна.

GHA6

Ийнхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийг Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельянинов, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжоу нар гарын үсэг зурав.

Тус хэлэлцээр байгуулснаар эдгээр гурван орны хооронд тээвэрлэж байгаа зарим нэр төрлийн барааны мэдээллийг Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагууд хоорондоо цахим байдлаар солилцох, дамжуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн монголын аж ахуйн нэгж, байгуулагууд БНХАУ-аас ОХУ-д, ОХУ-аас БНХАУ-д дамжин өнгөрөх барааг саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх таатай нөхцөл байдал бий болно.