mn GB
Mobile menu

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс 2017 оны байдлаар гаалийн олон талт гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч, ялангуяа ДХБ-ын “Гадаад худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” хүчин төгалдөр болсон энэ түүхэн цаг үед ДГБ, ДХБ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлаг, АХБ, КАРЕК, Их түмэн санаачилга болон бусад олон улсын байгууллагатай олон талт хамтын ажиллагааг ялангуяа худалдааг хөнгөвчлөх чиглэлд өргөжүүлэн, хөгжүүлж ирсэн.

Нэг. Дэлхийн гаалийн байгууллага: ДГБ-аас гаалийн хяналт болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гаргасан бодлогын бичиг баримт, арга хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг нийт гаалийн ажилтнуудын хүртээл болгон ажиллахын зэрэгцээ, тус байгууллага, түүний бүс нутгийн чадавхийг бэхжүүлэх төвөөс зохион байгуулсан уулзалт, сургалтад Монголын гаалийн ажилтнуудыг оролцуулахтай холбоотой бэлтгэл ажлыг ханган, уулзалт, сургалтын үр дүнг тооцон ажилласан.

Монголын гаалийн байгууллагын хувьд ДГБ-аас зохион байгуулсан хороодын хуралдаан, ажлын хэсгийн уулзалтуудад санхүүгийн хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан төдийлөн идэвхтэй оролцоогүй хэдий ч тус байгууллагаас зохион байгуулсан санал асуулга, гаалийн хяналттай холбоотой тодорхой чиглэлийн ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Бид ДГБ-ын дарга нарын сүүлийн 3 удаагийн Чуулга уулзалтад оролцон, тухай бүр мэдээллийг гаалийн ажилтнууд болон олон нийтэд түгээж, өөрийн гаалийн үйл ажиллагааг ДГБ-ын бодлоготой уялдуулан ажиллахад анхаарч ирсэн. Үүнд:

  • ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ГЕГ-ын дэд дарга Д.Бэхбат, ГХАХ-ийн ГУАБ Н.Болор-Оюу нар 125/126 дахь удаагийн чуулга уулзалт (2015 он);
  • ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, ГЭУХ-ийн ГУБ Х.Мөнхзул нар 127/128 дахь удаагийн чуулга уулзалт (2016 он);
  • ГЕГ-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн 129/130 дахь дахь удаагийн чуулга уулзалт (2017 он)-д тус тус оролцсон.

ГЕГ-ын төлөөлөл ДГБ-ын Чуулга, уулзалтад оролцохдоо ДГБ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарын газрын удирдлагыг сонгох сонгуульт ажил болон Чуулганы хэлэлцэх асуудлын хүрээнд ГХЯ-нд санал хүргүүлж, чиглэл авч ажилласан. Түүнчлэн Чуулганы үеэр ДГБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, газрын дарга, ахлах ажилтнуудтай уулзан Монголын гаалийн байгууллагад тулгараад байгаа бэрхшээлтэй асуудал, ДГБ-аас үзүүлж буй техникийн туслалцааны үр дүн болон бидний хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагаатай холбоотой санал солилцож ирсэн. Үүний үр дүнд бид ДГБ-аас сүүлийн 5 жилд “Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор хөтөлбөр; Эрсдэлийн удирдлага; Гаалийн үнэлгээ; Бүрдүүлэлтийн дараах шалгалт; Бүрдүүлэлтийн цаг хугацааны стандарт; Хилийн нэгдсэн зохицуулалттай менежмент; Гаалийн лабораторийн шинэчлэлт” зэрэг бидний ажилд нэн тэргүүний тулгараад байгаа асуудлаар үндэсний сургалт, онош зүйн туслалцаа авч байгууллагын чадавхийг бэхжүүлсэн.

Хоёр. Бүс нутгийн хамтын ажиллагаа: Монголын гаалийн байгууллага бүс нутгийн гаалийн хэргийн чиглэлээр зохион байгуулж буй уулзалт, форумд оролцон, өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, бусад улсын туршлагаас суралцахыг эрмэлзэж ирсэн. Онцлог уулзалт, форумаас дурдвал:

  • КАРЕК буюу Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр: КАРЕК нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор 1996 оноос эхэлсэн хөтөлбөр бөгөөд одоогоор Азербайжан, Афганистан, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменстан, Узбекистан, Пакистан, Гүрж гэсэн 11 гишүүн оронтой, АХБ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж байна. Хөтөлбөр нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнд тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны бодлогыг харилцан уялдуулах зорилго бүхий 4 гол салбарт хамтран ажиллаж, тэдгээрийг зохицуулах уулзалт, гишүүн орнуудын сайд нарын хурал зэргийг тогтмол зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн өсөлтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ. Монгол Улс 2003 онд тус хөтөлбөрийн гишүүн орон болсон бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож ирсэн (Гаалийн дарга нарын 12-16 дугаар уулзалт, бусад ажлын хэсгийн уулзалт).

- Гаалийн хамтын ажиллагааны хорооны 14 дүгээр хурлыг 2015 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулсан. Хуралд гишүүн орнуудын болон олон улсын байгууллагуудын төлөөлөл 40 гаруй төлөөлөгч оролцсоны дээр хурлын үеэр тээврийн зуучлагч байгууллагын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг хийсэн нь хурлын үйл ажиллагааг үр дүнтэй, өндөр ач холбогдолтой болгосон юм.

- АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх RIBS буюу Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн бэлтгэлийг амжилттай хангасны үр дүнд зээлийн хэлэлцээ 2016 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хийгдэж, гарын үсэг зурагдсан нь АХБ-ны захирлуудын зөвлөлийн хурлаар 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсаныг Монгол Улсын УИХ-ын чуулганаар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан. Төслийн үр дүнд хил дамнасан худалдаа илүү ил тод, үр ашигтай болж, худалдааны эргэлт өсч, өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Түүнчлэн худалдаанд зарцуулагдах цаг, зардал буурч, гадаад худалдааны хууль тогтоомжийн хэрэгжилт сайжрах юм.

  • Их Түмэн санаачилга:

- Их түмэн санаачилгын хүрээнд Зүүн Хойд Азийн орнуудын 40 гаруй улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон Худалдааг хөнгөвчлөх форумыг 2013 оны 08 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан.

- “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд 2017.08.30-08.31-ний өдрүүдэд БНХАУ-ын Жилин (Гирин) мужийн Чангчун хотноо болсон “Дугуй ширээний ярилцлага”-ын үеэр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улсад хэрэгжүүлж буй өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хүндрэлтэй асуудлыг тусгасан танилцуулга хийж оролцсон. Монгол Улсын хувьд хэлэлцээрийн В, С ангиллын хүрээнд шууд хэрэгжихэд хүндрэлтэй байгаа асуудлуудыг тус санаачилга болон АХБ-аас хэрэгжүүлж буй бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд тусгаж ажиллах боломжийг судлахаар тохиролцсон байна.

- Итгэмжлэгдсэн эдийн засгийн операторын ажлын хэсгийн 3 дугаар уулзалтыг 2017 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулж, олон улсад анхдагчдын нэгт тооцогдох Итгэмжлэгдсэн эдийн засгийн операторын хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Их Түмэн санаачилгын гишүүн орнуудын гаалийн байгууллага хоорондын тохиролцоо хэмээх олон талт баримт бичгийн эхний төслийг боловсруулан гаргасан.

- Худалдаа хөрөнгө оруулалтын хороо болон Гаалийн дэд хорооны 2 дугаар уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.

Гурав. Бусад: Монголын гаалийн байгууллага АХБ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлаг, Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон бусад байгууллагатай үндэсний хэмжээнд гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн холбогдох ажлын хэсгийн уулзалт, сургалт зохион байгуулж ажилласан.

  • Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны Байгууллагатай 2014-2015 онд хамтран ажиллах саналыг гарган Гадаад хэргийн яамаар дамжуулан хүргүүлсэн.
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Бизнесийн дэмжих” төсалтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “эрсдэлийн удирдлага, гаалийн үнэлгээ, мэдээллийн технологи, цахим төлбөр тооцооны систем, зохих байгууллагаас олгох зөвшөөрлийг автоматжуулах үйл ажиллагаа” зэрэг чиглэлээр гадаадын эксперт авч ажиллуулсан нь дээрх чиглэлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг нэмэгдүүлж, гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан ажил болсон. Түүнчлэн энэхүү гэрээний хүрээнд бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн үнэлгээ, шилжих үнэ зэрэг сэдвээр сургалтын туслалцаа авч гаалийн ажилтнуудын мэргэшлийн ур чадварыг нэмэгдүүлсэн.
  • АНУ-ын ЭСЯ-тай хамтын ажиллагааг өргөжүүлснээр Монголын гаалийн байгууллагад 2017 онд гаалийн хяналтын орчин үеийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй хандивлахын зэрэгцээ, уг төхөөрөмж дээр ажиллах гаалийн байцаагч нарын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулсан.