mn GB
Mobile menu

КАРЕК-ИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО БОЛОН ЭРҮҮЛ АХУЙ, ХОРИО ЦЭЭРИЙН БҮС НУТГИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

99999999999

Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын Гаалийн хамтын ажиллагааны хороо болон Эрүүл ахуй, хорио цээрийн бүс нутгийн ажлын хэсгийн хамтарсан уулзалт 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Эрсдэлийн удирдлага, дижиталчлал” нэрийн дор цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Уулзалтад КАРЕК-ийн гишүүн орны гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг судалгааны байгууллагын 92 төлөөлөгч оролцлоо.

Дэлхийн хэмжээнд тархаад байгаа КОВИД-19 вируст халдварын улмаас бидний өмнө нь хамтдаа сууж хэлэлцэж, ярилцаж, хамтран ажилладаг зарчим бүхэлдээ өөрчлөгдсөн. Эдгээрийн нэг өнөөгийн бидэнд тулгараад байгаа нэн тэргүүний, нийтлэг хүндрэл болсон хил дамнасан худалдаанд тавих хяналтад эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлж, түүнийг илүү дижиталчилахад дэмжлэг болох зорилго бүхий уулзалт болохыг хурал даргалагч Ноён Javad Gasimov (Азербайжан Улсын Гаалийн байгууллагын дэд дарга) онцолсон юм.

Уулзалтын зорилго нь агентлаг хоорондын болон хил дамнасан худалдааны үйл ажиллагааг аюулгүй байлгах, хөнгөвчлөх, цаасгүй худалдааг нэвтрүүлэхэд дэмжлэг болоход оршино.

Уулзалтад “Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд “Амьтан, ургамлын хорио цээр, эрүүл ахуйг хангах эрсдэлийн тэргүүлэх чиглэл; КАРЕК-ийн орнуудын эрсдэлийн удирдлагын системийг сайжруулах; Ургамал, амьтан, мал эмнэлгийн хил дээрх хяналтын үйл ажиллагааг нэгтгэх” дэд чиглэлээр олон улсын экспертүүд, гишүүн улс орнууд туршлагаа танилцууллаа.

Цахим ярилцлагын үеэр Афганистан, Киргиз, Азербайджан, Грузин, Туркменистаны төлөөлөгчид “Нэгдсэн эрсдэлийн тодорхойлолт, Удирдлагын төвшний шийдвэр, Эрх зүйн бэлэн байдлын үнэлгээ хийх, Технологийн харилцан холбогдох чадвар, Нэг цонхны систем, Гаалийн мэдээллийн автоматжуулсан систем, Гадаад худалдаа эрхлэхэд шаардлагатай” зэрэг чиглэлээр өөрсдийн туршлагыг танилцууллаа. Эдгээрээс Грузины танилцуулсан “Хөнгөлөлттэй гарал үүслийн дүрмийн цахим гэрчилгээг блокчейн технологид үндэслэн баталгаажуулсан нь ихээхэн үр дүнд хүрсэн” туршлага онцлог байлаа.

Монголын гаалийн байгууллагын төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гаалийн байгууллагын мэдээллийн технологийн шинэчлэл, нэг цонхны систем хөгжүүлэх ажлын талаарх үндэсний туршлагаа хуваалцсан юм.

Хэдийгээр энэ удаагийн уулзалт богино хугацаанд зохион байгуулагдсан ч цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй уулзалт болсон байна.