Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцов. Уулзалтад элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ноён Жон Мак Даниелс, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баттөр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Цолмон, мөн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Н.Өнөрцэцэг нар оролцов.
Элчин сайд Галт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж, 3 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөх Монгол Улс, АНУ-ын хоорондын олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээрх ил тод байдлын тухай хэлэлцээрийн талаар танилцуулж, хэлэлцээрийн зүйл заалтуудыг Монгол Улс бүрэн хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд техник туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.