Тажикистан улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9-р сард Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талын зам” санаачлага, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Си Зинь Пин “Нэг бүс-нэг зам” санаачлага тус тус дэвшүүлж, улмаар гурван улсын хамтын ажиллагааны эх суурийг тавих, цаашид хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.
Ийнхүү гурван улсын ерөнхийлөгч нарын санал, санаачлагыг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын гаалийн байгууллагаас хөрш орнуудын гаалийн байгууллагууддаа хандан монгол-орос-хятадын гаалийн байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг уриалсан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Уфа хотноо 2015 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт-арга хэмжээний үеэр “МУ, ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжихийн тулд таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА, БНХАУ-ын ГЕГ хоорондын Санамж бичиг” байгуулсан.
БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 12-р сарын 17-ны өдөр болсон монгол, орос, хятадын гаалийн байгууллагын дарга нарын уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны зохицуулалтын цаашдын механизм тогтоох зорилгоор бичиг баримтуудын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулахаар тохиролцсоны дагуу гурван талт ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Монгол Улсын Улаанбаатар хотноо 2016 оны 5-р сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үеэр талууд дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
“МУ, ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжихийн тулд таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА, БНХАУ-ын ГЕГ хоорондын Санамж бичиг”-ийн хүрээнд нэн тэргүүнд хийх ажлын талаар санал солилцох, шийдэлд хүрэх.
•“Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн зөвшилцөх.
•Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын газар байгуулах асуудлаар санал солилцох зэрэг асуудлыг хэлэлцэж байна.