Зөвлөгөөнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагын төлөөлөл, БНХАУ-ын шуудан, төмөр замын байгууллагууд болон бизнес эрхлэгчдид оролцсон. Зөвлөгөөнийг нээж гурван улсын гаалийн байгууллагын удирдлагууд болон Heilongjiang аймгийн захиргааны удирдлага үг хэлсэн бөгөөд МУ-ын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-эрдэнэ хэлсэн үгэндээ “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр” нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан бараа, тээврийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд болон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллахад ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.
Зөвлөгөөнд гурван талын гаалийн байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын боомт, шуудан, төмөр замын байгууллагаас дараах үндсэн 3 сэдвийн хүрээнд нийт 15 илтгэл тавигдсан. Монголын талаас ГЕГ-ын ГХШГ-ын дарга Э.Мөнхөө, ГУАБ С.Отгонпүрэв, ГХАХ-ийн ГУАБ Н.Өнөрцэцэг нар “Транзит ачаанд хийх гаалийн бүрдүүлэлт”, “Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авсан арга хэмжээ” болон “Хилийн хамтарсан шалгалт” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавив.
Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагын гурван талт ажлын хэсгийн 2 дугаар хуралдааныг 2017 оны 06 сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Хуралдааныг талуудын хамтын ажиллагааны газрын орлогч дарга болон хэлтсийн дарга нар удирдан явуулж, ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаас хойш хийсэн ажлыг дүгнэж, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын ажлын хэсгийн дүрэм”-ийн төслийг эцэслэн зөвшилцөж, гарын үсэг зурах процедурыг тохирч, “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид хийх ажлын талаар Талууд санал солилцож, хэрэгжүүлэх арга зам болон хугацааг тохиров.
Зөвлөгөөний үеэр МУ-ын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-эрдэнэ БНХАУ-ын ГЕГ-ын дэд дарга Зоу Жи Вү-тэй 2 талт уулзалт хийж “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, Монгол-Хятадын хилийн гаалийн хамтарсан хяналт, шалгалтын туршилтын ажлыг эрчимжүүлэх, ажлын хэсгийн ээлжит хурлыг ойрын хугацаанд зохион байгуулах, монголын гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд хятадын талаас үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа авах боломжийн талаар харилцан санал солилцов.