Монголын гаалийн байгууллагын 2 498 орчим ажилтнууд 1990-2017 оны хооронд давхардсан тоогоор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, ДГБ, ДХБ, ТАСИС (Еврогааль), JICA, KOICA, KTNET, AusAID, USAID, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын зардлаар, мөн өөрийн болон Япон, БНСУ, БНХАУ, АНУ-ын гаалийн байгууллагын санхүүжилтээр, гаалийн хэргийн төрөл бүрийн чиглэлээр гадаад сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хамрагдсан байна.
Сүүлийн 5 жилд буюу 2013-2017 онд нийт 300 гаруй удаагийн уулзалт, сургалтад 586 гаалийн ажилтанг хамруулсан нь 1990 оноос хойш гадаад томилолтод хамрагдсан ажилтнуудын 23.46 хувийг эзэлж байгаа нь Монголын гаалийн гадаад хамтын ажиллагааны хөгжлийг илтгэж байна.
Зураг 1. Гадаад уулзалт, сургалтын статистик
Нийт 42 улсад зохион байгуулагдсан 223 удаагийн гадаад арга хэмжээ /уулзалт, сургалт/-нд давхардсан тоогоор 586 гаалийн ажилтнууд хамрагдсан байна. Гадаад арга хэмжээний 78.4% сургалт, үлсдэн 21.6% уулзалт эзэлж байгаа нь Монголын гаалийн байгууллага ажилтнуудынхаа чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажилласныг илтгэж байна.
Эдгээр сургалтыг чиглэлийн дагуу ангилан үзвэл хууль сахиулах хамгийн их буюу 36 хувь, тариф, татварын чиглэл хамгийн бага буюу 8%-ийг тус тус эзэлжээ. Дараах графикт он тус бүрээр явагдсан сургалтын чиглэлийг дэлгэрэнгүйгээр харууллаа.
Зураг 2. Гадаад сургалтын чиглэл (2013-2017)
Гаалийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн хамт олон ДГБ, олон улсын төрөлжсөн байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр болон хоёр талт хамтын ажиллагаа бүхий бусад орны гаалийн байгууллагаас Монгол Улсын гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй зохион байгуулсан 14 удаагийн үндэсний сургалт, оног зүйн техникийн туслалцааг амжилттай зохион байгуулсан. Эдгээр сургалтад 500 гаалийн ажилтан давхардсан тоогоор хамрагдан эрсдэлийн удирдлага, гаалийн үнэлгээ, гарал үүслийн дүрэм, гаалийн лаборатори, бүрдүүлэлтийн дараах, хар тамхи, мансууруулах бодисын хяналт зэрэг чиглэлээр гаалийн хэргийн мэдлэгээ дээшлүүлсэн байна.
Зураг 3. Монгол Улсад зохион байгуулсан гадаад сургалтын чиглэл (2013-2017)
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУАБ Н.Өнөрцэцэг: Гаалийн байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний, манлайлагч удирдах ажилтны нэг. Тэрээр Сингапур, Бельги, Ирланд, Япон зэрэг орнуудад гаалийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2001 онд Япон Улсад төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Гаалийн байгууллагын 1993 онд хэрэгжүүлсэн АСИКУДА төсөл, 2007-2011 онуудад хэрэгжүүлсэн “Гаалийн шинэчлэл” төслийн төслийг хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулахаас гадна, “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах асуудлаар” Польш, Болгар, Турк болон Их Британийн Вант Улстай хоёр талт хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажилд биечлэн оролцож, холбогдох зохион байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Сүүлийн арван жилд Монгол Улсад гадаад орны гаалийн байгууллагын дарга нарын айлчлал, олон улсын томоохон хурал, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамт олноо манлайлан оролцож Монголын гаалийн байгууллага олон улсын чанартай арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах боломжтойг дэлхий дахинд харуулсанд түүний оролцоо, хувь нэмэр их юм.
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУБ Д.Баярсайхан: Гаалийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжин орсон шилжилтийн он жилүүдэд БНМАУ-ын гадаад худалдааны бодлогыг олон улсын жишигт нийцүүлэхэд асар их хувь нэмрээ оруулсан манай тэргүүний, манлайлагч ахмад гаальчин. Тэрээр Австралийн Сидней хотын Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан ба зөвхөн Монголын гааль төдийгүй Монгол Улсыг дэлхийн хэмжээнд гадаад худалдааны үйл ажиллагааг эрхлэн явуулахтай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрийг үндэсний хуууль тогтоомжид тусгах ажилд томоохон хувь нэмэр оруулж гадаад худалдаа, гаалийн үйл ажиллагаатай холбоотой 9 хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсноос гадна, 12 олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орохтой холбоотой ажлыг зохион байгуулж, орчуулга хийж, гаалийн үйл ажиллагаа, гадаад худалдаатай холбоотой 5 номыг зохиосон, 4 номыг орчуулан олны хүртээл болгосон байна. Түүнчлэн гаалийн ажилтнуудыг сургах ажилд өөрийн хувь нэмрийг оруулан, Гааль эдийн засгийн дээд сургуулт, сургалт хариуцсан нэгжид ажиллан өнөөгийн нийт гаалийн бие бүрэлдэхүүний 30 гаруй хувь нь түүнийг багшаа хэмээн хүндэтгэж явдаг. Энэ нь гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд оруулсан түүний томоохон ажлын нэг мөн. Монгол Улс Япон Улстай байгуулсан анхны Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах багт орж, гаалийн чиглэлийг ахлан ажилласан гавьяатай нэгэн бөгөөд гаалийн хяналт шалгалт, гаалийн бодлого, гаалийн стратеги, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн даргаар ажиллаж, хамт олноо удирдан зохион байгуулж, шинэ үеийн гаалийн байгууллагыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ.
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУБ Ц.Баярмаа. Гаалийн байгууллагад гурван арваны турш ажилласан шинэ үеийн гаалийн байгууллагын хөгжилд гаалийн хяналт, гадаад хамтын ажиллагаа, гаалийн бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санаа ажилладаг, манай тэргүүний ахмад гаальчдын нэг билээ. Тэрээр ОХУ-ын Гаалийн академийг төгссөн шилдэг төгсөгчийн нэг бөгөөд, Монгол-Оросын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа болон Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санаачилгатай ажиллаж, гаалийн дарга нарын дээд хэмжээний уулзалт, бүх түвшний ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулахад гүүр болон ажиллаж, монгол-орос болон монгол-орос-хятадын гаалийн байгууллагын хооронд 2015-2017 онуудад байгуулсан 10 гаруй бичиг баримтын эхийг бэлтгэх, орчуулах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангахад идэвхтэй ажиллаж байна..
Гаалийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУБ Э.Энхтуул: Гаалийн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байгаа, гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн манай залуу гаальчдын төлөөлөл болсон шилдэг ажилтны нэг. Австрали Улсад магистрын зэрэг хамгаалсан ба гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж Нидерланд Улсын Сангийн яам, Гааль, татварын байгууллага, Монголын Гаалийн байгууллагын гурван талт хамт ажиллагааны хэлэлцээрийг байгуулах, түүний хэрэгжилтийг хангахад гар бие оролцож гаалийн хяналт, шалгалт, эрсдэлийн удирдлага, барааны ангилал, гаалийн үнэлгээний чиглэлийн онош зүйн шинжилгээ, сургалт зохион байгуулахад идэвх чармайлт гарган ажилласан. Түүнчлэн БТКУС-ийн 2011 оны өөрчлөлтийн Монгол хэлнээ орчуулан БТКУС-ийн жагсаалтыг хэвлүүлэх, ДГБ-ын цахим сургалтын хөтөлбөрийг орчуулах, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн гарын авлагыг орчуулах зэрэг ажилд ихээхэн хувь нэмрээ оруулсан.
Түүний гадаад хэлний гүнзгий, академик түвшний мэдлэг нь 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтын албан ёсны орчуулагчийн сонгон шалгаруулалтад тэнцэхэд нөлөөлсөн бөгөөд энэ ажлын хүрээнд Европын Холбооны Улсын Засгийн газрын Орчуулгын яаманд 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлж, АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтын бүхий л уулзалтуудын орчуулгыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.
БИДНИЙ АМЖИЛТЫН ҮНДЭС: Дэлхийн Гаалийн Байгууллагын бодлого чиглэлийг Монголын гаалийн байгууллагын үйл ажиллагаанд тусгах, бусад олон улсын байгууллага, хөрш орнууд, бусад хоёр талт хамтын ажиллагаатай орнуудтай гаалийн гадаад хамтын ажиллагааг идэвхтэй, мэргэшлийн түвшинд авч явж байгаа нь тус хэлтсийн гадаад хэлний өндөр мэдлэгтэй, гаалийн хэргийн арвин туршлагатай, гаалийн албаны олон чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллаж байсан, ажиллаж байгаа ахмад гаальчид, түүнчлэн тус хэлтсийн залуу гаальчид, ажилтнуудын идэвх зүтгэл, санаачлагатай салшгүй холбоотой болохыг тэмдэглэхэд таатай байна.