Монгол Улс 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дэлхийн гаалийн байгууллагын бүрэн эрхт Гишүүн, 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын Гишүүн болсон. Монгол Улс энэ 2 байгууллагад нэгдэн орсноор гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах, улс хооронд тээвэрлэж буй бараа, зорчигчийн талаарх мэдээллийг тэдгээр нь хил дээр ирэхээс өмнө урьдчилан дамжуулах, гаалийн хяналт, шалгалтыг эрсдлийн удирдлагын үндсэн дээр зохион байгуулах, гаалийн үйл ажиллагааг автоматжуулах, гаалийн үнэлгээ, барааны ангилал, гарал үүслийг тухайн бараа гаалийн хилээр нэвтрэхээс өмнө урьдчилан тодорхойлох, ингэснээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг багасгах, бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх зэрэг дэвшилттэй олон арга ажиллагааг гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлээд байна. Мөн цахим нэг цонх, гаалийн хамтарсан хяналт шалгалт, гааль-бизнесийн түншлэл, эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын эрх олгох зэрэг шинэлэг аргуудыг судалж, нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Мөн Монгол Улсын 2017 оны байдлаар ДГБ болон ДХБ-аас батлан хэрэгжүүлж буй ихэнх конвенцид нэгдсэн орсон байгаа. Монголын гаалийн байгууллага эдгээр олон улсын олон талт хэлэлцээрээс гадна гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах асуудлаар хоёр талт хэлэлцээрийг 1993 оноос эхлэн өнөөг хүртэл 16 улстай байгуулж, мөн хөрш орнуудтайгаа 2015 онд ОХУ-ын Уфа хотноо 3 талт хэлэлцээр байгуулан, 3 талт хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавиад байна.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн гаалийн байгууллага байгуулах тухай когвенцийг 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан 163 дугаар тогтоолоороо Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн тухай конвенцийг нэгэн зэрэг баталсан юм. Уг конвенц Монгол Улсын хувьд 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Ингэснээр Монголын гааль барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээ эрхлэн гаргах зорилгоор БТКУС-д үндэслэсэн Барааны үндэсний ангиллын жагсаалт батлан мөрдөж байна. Монгол Улсын гаалийн байгууллага Барааны үндэсний ангиллын жагсаалтдаа эдүгээ 5 дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж байна. Учир нь БТКУС-т 5 жил болоод нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулдаг юм.
Гаалийн үнэлгээний хэлэлцээрийг Монгол Улс ДХБ-д элсэн орсон цагаас (1997 оноос) мөрдөж эхэлсэн. Гэвч ул хэлэлцээрт заасан гаалийн үнэлгээний аргууд болон зарчмуудыг бид үүнээс өмнө 1996 оны хуулиндаа тусгасан байсан юм.
Монголын түүхэнд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох 2016 оны Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах урт хугацааны хэлэлцээнд Монголын гааль голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн. ДХБ-ын 2017 оны Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт олон улсын худалдааг хөнгөвчлөх чиглэлээр маш олон асуудал тусгагдсаны ихэнх нь гаалийн байгууллага дангаараа хэрэгжүүлэх, үлдсэнийг нь хэрэгжүүлэхэд гаалийн байгууллага тэргүүлэх үүрэгтэй оролцох асуудлууд байгаа. Эдгээрийн заримаас нь дээр дурдсан байгаа. Энэхүү Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд Гаалийн байгууллага мэдээллийг олон түмэнд хүргэх боломжууд, тухайлбал, гаалийн вебсайтаар дамжуулан гаалийн хууль тогтоомж, дүрэм, журамтай танилцах, сонирхсон асуултандаа хариулт авах, зөвлөгөө авах, түүнчлэн электрон шуудан, нээлттэй утсаар дамжуулан гаалийн байгууллагатай харьцаж, аливаа хүнд суртал, чирэгдлийн талаар цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд шинэчлэгдэн өөрчлөгдөж, улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх уламжлалт үүргээсээ гадна улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Гаалийн үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд явуулах эрх зүйн шинэчлэл 1991 оноос хойш 1996, 2008 онд хийгдэж, өнөөдөр үргэлжлэн явагдаж, шинэчлэн найруулсан дараагийн гаалийн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна. Ер нь Монголын гаалийн байгууллагыг бүхэлд нь 21-р зуунд бэлтгэн, өөрчлөн шинэчлэх ажил 1991 оноос эхлэн Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ, ДГБ, ДХБ болон Европын холбооны янз бүрийн хөтөлбөрүүд, донор орнууд, мөн хөрш орнуудын туслалцаатайгаар эрчимтэй явагдаж байна. Гаалийн бүрдүүлэлтийг автоматжуулж, бүрдүүлэлтийн цагийг багасгах, хүнд суртал гаргах, хүн чирэгдүүлэх явдлыг арилгаж, гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, гаалийн байцаагч үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан ажиллах явдлыг багасгах, интернет бүрдүүлэлтийг нэвтрүүлэх, эцсийн дүндээ гадаад худалдааг хөнгөвчлөх, “Цахим Гааль”-ийг хөгжүүлэх, улмаар “Цаасгүй гааль” болох зорилгоор Монголын гаалийн байгууллага эхлээд ЮНКТАД-ын тусламжтайгаар түүний АСИКУДА (ASYCUDA) програмыг 1994 оноос, дараа нь өөрсдийн ажилтнуудын хүчээр, өөрийн хөрөнгөөр боловсруулсан ГАМАС (GAMAS) программыг 2000 оноос, өнөөдөр Азийн хөгжлийн банк, Солонгосын засгийн газрын тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа КАИС (CAIS) програмыг 2010 оноос тус тус гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж ирлээ.
Гаалийн төв лаборатори
Гаалийн төв лаборатори нь “Гаалийн тухай хууль”-д заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээг хийх, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх зорилго бүхий гаалийн хяналт, шалгалтын явцад гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гаалийн байгууллагын нэгж юм.
Гаалийн төв лаборатори нь 2003 оноос хойш Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн лабораторийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дараах нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийж байна. Үүнд:
- Хар тамхи, мансууруулах бодис;
- Төрөл бүрийн химийн бодис;
- Согтууруулах ундаа;
- Тамхи, тамхин бүтээгдэхүүн;
- Нефтийн бүтээгдэхүүн;
- Ноос, ноолуур, малын гаралтай түүхий эд;
- Хайлуур жонш, эрдэс түүхий эд, хүдэр баяжмал;
- Нэхмэл болон сүлжмэл даавуу, утас ээрмэл.
Гаалийн төв лаборатори нь Монгол улс 1991 онд нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцийг Монгол Улсад бодитойгоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болдог юм. Барааны ангиллын кодыг зөв тодорхойлох нь гаалийн үнэ, үнэлгээг зөв тооцох, ижил төрлийн боловч ялгавартай татвартай барааг ялгаж зааглах, нэг төрлийн барааг гаалийн газар болгонд өөр өөрөөр ангилах явдлыг бууруулах, гаалийн болон бусад татварыг зөв тооцох, статистик мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах, гаалийн зөрчлийг илрүүлэх, хориглосон, хязгаарласан бараанд тавих хяналтыг сайжруулах чухал ач холбогдолтой байдаг.
Гаалийн төв лаборатори нь гаалийн хяналт шалгалтын явцад барааны ангиллын кодыг буруу мэдүүлж, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож, улсын төсвийг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж, сүүлийн 3 жилд 18 гаалийн газар, хороодоос ирүүлсэн 4061 аж ахуйн нэгжийн 950 гаруй нэр төрлийн барааны 14806 дээжинд шинжилгээ хийж, барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлсон 6935 дүгнэлтийг гаргаж, шинжилгээний хураамжаар 426,5 сая төгрөгийг улсын төсөвт оруулснаас гадна барааны ангиллын кодтой холбоотой 501 зөрчлийг илрүүлж, татвартай барааны ангиллын кодод хамруулснаар улсын төсөвт нийт 692,8 сая төгрөгийн татварыг нэмж оруулсан байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулан ГТЛ –ийн 2017-2020 оны стратеги зорилтын хүрээнд төмрийн хүдэр, баяжмал болон зэс, цайрын баяжмал дахь үндсэн болон үнэт металлыг тодорхойлох шинжилгээний аргууд, нүүрсний гол үзүүлэлт болох үнслэг, дэгдэмхий бодис, илчлэгийг тодорхойлох шинжилгээний аргуудыг шинээр нэвтрүүлэх, Бүс нутгийн итгэмжлэгдсэн лаборатори болох зорилт тавин ажиллаж байна.
Гаалийн төв лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, улсын хилээр нэвтэрч буй барааны урсгал хөдөлгөөнийг саатуулалгүйгээр гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор хилийн боомтууд дээр түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, химийн бодис, хар тамхи мансууруулах бодисыг шинжлэх чадвар бүхий дараах 5 салбар лабораторийг ажиллуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна:
- Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн салбар лаборатори;
- Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори;
- Баян-Өлгий гаалийн газрын Цагааннуур дахь салбар лаборатори;
- Дорнод дахь гаалийн газрын салбар лаборатори;
- Сайншанд дахь гаалийн газрын Чойр дахь салбар лаборатори.
Ийнхүү гаалийн салбар лабораториудыг байгуулснаар гадаад худалдаа хөнгөвчлөгдөөд зогсохгүй гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа 2-3 хоногоор багасч, гаалийн үйлчилгээ хөнгөн шуурхай болж, бизнес эрхлэгчдийн зардал 1,5-2 дахин хэмнэгдэж байгаа нааштай үр дүнгүүд харагдаж байгаа.
Мэдээллийн технологийн төв
Мэдээллийн технологийн төв (МТТ) нь гаалийн байгууллагын мэдээллийн технологийн бодлогыг тодорхойлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино. МТТ-ийн төвийн үндсэн чиглэл нь гаалийн үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай үзүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд мэдээллийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, “Цахим Гааль” – ийг хөгжүүлэх явдал юм.
Эрэлч нохойн сургалтын төв
Гаалийн 11 газар, хороодод Эрэлч нохой хариуцсан 18 гаалийн улсын байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнгөрсөн 2016 онд нийт захиргааны 102 зөрчил илрүүлж, эрүүгийн шинжтэй 5 хэргийг олж илрүүлэн холбогдох хууль, хүчний байгуулагуудад хүлээлгэн өгч ажиллаж байна.
Онцлох зөрчлөөс дурьдвал: Замын-Үүд дэх гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ нь 44.3 гр МӨС /ice/ төрлийн мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон. Мөн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ нь 110 кг байгалийн үнэт чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдэлийг таслан зогсоосон.
Зөрчилд холбогдох бараанаас дурьдвал: Зээрийн эвэр 8 кг, чонын арьс 9ш, сойр шувуу 2ш, чонын хоншоор 11ш, зээрийн эвэр, бугын ясан эвэр 10кг, согооны сүүл 1 ш, хэрэмний арьс 20 ш, ямааны мах 67 кг, янгирын эвэр 2 ширхэг, янгирын 2 дагз, бугын чив, сүүл, цагаан архи 376 литр, малын тариа 400ш, байгалийн үнэт чулуу 110 кг, 124 кг хаягдал хөнгөнцагаан, 30кг гууль зэрэг бараануудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг таслан зогсоож холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн ажилласан.
Хураасан барааны нийт үнийн дүн: 7’786’888₮
Саатуулсан барааны нийт үнийн дүн: 1’690’000₮
Ноогдуулсан нийт торгуулийн дүн: 1’759’000₮
Дээрх эрэлч нохой хариуцсан ГУБ нарын илрүүлсэн зөрчил нь зөвхөн Гаалийн Тухай Хуулийн 290.2.2, 291.1, 291.2 заалтыг үндэслэн хураасан бараа болно.
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв нь 2016 онд Хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэц нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх, Олон нийтэд хар тамхи мансууруулах бодисийн хор хөнөөлийг таниулах, хар тамхи, мансууруулах бодисыг гаалийн албаны эрэлч нохой хэрхэн илрүүлдэг чиглэлээр Зохиомж дээд сургууль, Монгол дээд сургууль, Монголын үндэсний их сургууль, Орхон их сургуулийн Гадаад худалдаа зэрэг их, дээд сургуулийн 450 гаруй оюутан залууст илтгэн тавьж, сурталчилан таниулсан.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, Казакстан, Азарбайжан, Япон зэрэг улстай хамтран сургалт зохион байгууллах, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг олон улсын албаны эрэлч нохойн сургалтын стандартад нийцүүлэх, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 2016 оноос БНСУ-ын Эрэлч нохойн сургалтын төвтэй хамтран туршлага судлах, албаны эрэлч нохойн сургалтын болон нохойн үржлийн талаар мэдээлэл солилцох зэрэг асуудлаар хамтран ажиллаж эхэллээ.
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар
Гаалийн харилцаанд оролцогчдын экспорт, импортын үйл ажиллагааг гаалийн зорилгоор нягтлан шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, худалдааны луйвраас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг хийхээр байгуулагдан ажиллаж байна. Энэ газрыг байгуулах болсон гол зорилго бол барааг хил дээр саатулах явдлыг багасгах явдал юм.
Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв
Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв нь 1991 онд Сургалт судалгааны төв нэртэйгээр байгуулагдан, 2017 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа нь өргөжин, өнөөдөр гаалийн байгууллагын хөгжлийн чиг хандлага, шинэ үеийн гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн судалгааны ажил эрхлэх, арга зүйг боловсруулах, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх мөн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах үндсэн чиг үүрэг бүхий сургалт,судалгаа, хэвлэл мэдээллийн нэгж болон ажиллаж байна.
Хэвлэл мэдээлэл, Сургалт, судалгааны төв нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гаалийн удирдах төв байгууллагын нэгж болон харьяа газар, хороодтой хамтарч баг бүрдүүлэн судалгаа хийх, түүнчлэн газар хороодыг судалгааны арга зүйн болон мэргэшлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, судалгааны ажлын үр дүнг нэгтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаалийн хууль тогтоомж, эрх зүйн актуудыг олон нийтэд сурталчилах, гаалийн байгууллагын хөгжил болон чадавхи, гадаад худалдааны асуудлаар гарын авлага, аргачлал, товхимол зэрэг бүтээл гаргаж хэвлүүлэх, нийтлүүлэх, Дэлхийн Гаалийн байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага болон олон улсын бусад байгууллага, гадаад улс орнуудын гааль судлалын баримт бичиг, гаалийн хөгжил дэвшил, хяналтын арга ажиллагаатай холбоотой технологи, шинжлэх ухааны ололт амжилт, туршлагыг судлах зэргээр үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн хугацаанд 30 гаруй судалгааны бүтээл, сурах бичиг, гарын авлага, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгосон. Мөн аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр гаалийн үйл ажиллагаа, технологийн чиглэлээр захиалгат сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Дэлхийн гаалийн байгууллага нь гишүүн орнуудынхаа дотоодын хэрэгцээнд зориулан, гаалийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор 2003 оноос “Цахим сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголын гааль 2009 онд “ДГБ-ын цахим сургалтын модулийг Монгол улсын гаалийн байгууллагад суурилуулах хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар монголын гаальчид эх хэл дээрээ, цахим хэлбэрээр, зайнаас тасралтгүй суралцах боломж бүрдсэн.
Үйлчилгээ, аж ахуйн алба
Гаалийн байгууллагын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, үндэслэлийг тодорхойлох, байгууллагын урсгал төсвийн төлөвлөлт, зохицуулалт, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангах, санхүү мөнгөний менежмент, үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
ХАРЪЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРОО
Өнөөдөр Гаалийн ерөнхий газрын харъяа 15 гаалийн газар, 3 гаалийн хороо, 12 гаалийн салбар ажиллаж байна. Гаалийн газар, хороо, салбар (нийтдээ 30)-ыг аймаг, хотоор авч үзвэл:
Баян-Өлгий аймагт:
- Өлгий (Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар);
- Цагааннуур дахь гаалийн салбар (олон улсын, байнгын ажиллагаатай, Оростой);
- Даян дахь гаалийн салбар (хоёр талын, түр ажиллагаатай, Хятадтай);
Говь-Алтай аймагт:
- Бургастай дахь гаалийн хороо (хоёр талын, түр ажиллагаатай, Хятадтай);
Дархан-Уул аймагт:
- Дархан-Уул аймаг дахь гаалийн газар;
Дорноговь аймагт:
- Сайншанд дахь гаалийн газар;
- Замын-Үүд дэх гаалийн газар (олон улсын, байнгын ажиллагаатай, Хятадтай);
- Ханги дахь гаалийн салбар (хоёр талын, түр ажиллагаатай, Хятадтай);
Дорнод аймагт:
- Чойбалсан (Дорнод аймаг дахь гаалийн газар);
- Ульханмайхан дахь гаалийн салбар (хоёр талын, байнгын ажиллагаатай, Оростой);
- Эрээнцав дахь гаалийн салбар (олон улсын, байнгын ажиллагаатай, Оростой);
- Хавирга дахь гаалийн салбар (хоёр талын, түр ажиллагаатай, Хятадтай);
- Баянхошуудахь гаалийн салбар (хоёр талын, түр ажиллагаатай, Хятадтай);
- Сүмбэр дэх гаалийн салбар (олон улсын, түр ажиллагаатай, Хятадтай);
Завхан аймагт:
- Арцсуурь дахь гаалийн хороо (хоёр талын, байнгын ажиллагаатай, Оростой);
Орхон-Уул аймагт:
- Орхон аймаг дахь гаалийн газар;
Өмнөговь аймагт:
- Гашуунсухайт дахь гаалийн газар (хоёр талын, байнгын ажиллагаатай, Хятадтай);
- Шивээхүрэн дэх гаалийн газар (хоёр талын, байнгын ажиллагаатай, Хятадтай);
Сүхбаатар аймагт:
- Бичигт дэх гаалийн газар (олон улсын, байнгын ажиллагаатай, Хятадтай);
Сэлэнгэ аймагт:
- Сүхбаатар (Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар)(олон улсын, байнгын ажиллагаатай, Оростой);
- Алтанбулаг дахь гаалийн салбар (олон улсын, байнгын ажиллагаатай, Оростой);
Ховд аймагт:
- Булган дахь гаалийн газар (олон улсын, байнгын ажиллагаатай, Хятадтай);
- Байтаг дахь гаалийн салбар (хоёр талын, түр ажиллагаатай, Хятадтай);
Увс аймагт:
- Улаангом (Увс аймаг дахь гаалийн газар);
- Боршоо дахь гаалийн салбар (олон улсын, байнгын ажиллагаатай, Оростой);
- Тэс дэх гаалийн салбар (хоёр талын, байнгын ажиллагаатай, Оростой);
Хөвсгөл аймагт:
- Ханх дахь гаалийн хороо (хоёр талын, байнгын ажиллагаатай, Оростой);
Улаанбаатар хотод:
- Улаанбаатар хот дахь гаалийн газар;
- Буянт-Ухаа дахь гаалийн газар;
- Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар.
Хилийн боомт болон Монгол оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан хэлэлцээрт дагуу хойд хилийн дагуу байнгын ажиллагаатай 12 хилийн боомт, түр буюу улирлын ажиллагаатай 9 хилийн боомт, дамжин өнгөрөх 7 хилийн боомт байхаар тусгагдсан байдаг.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2004 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотноо байгуулсан хэлэлцээрт байнгын ажиллагаатай 12 хилийн боомт байхаар тусгагдсан байдаг.