Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын урилгаар Австралийн Гриффитийн Их сургуулийн доктор, профессор Чарльз Сампфорд 2014 оны 10 дугаар сарын 10 өдөр Гаалийн ерөнхий газарт хүрэлцэн ирж “Авлига, Ариун шударга ёс, Гаалийн байгууллага” сэдвээр лекц уншлаа.
Энэхүү лекцэд ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон Сургалтын төвийн Гаалийн улсын байцаагч нар оролцож, дэлхий нийтийн “Ариун шударга ёс” ба “Авлига” сэдвээр хамгийн сүүлийн үеийн онолын болон практикийн мэдээ, мэдээлэл хүлээн авлаа.
Доктор, профессор Чарльз Сампфорд нь Мелбурний их сургуульд суралцах явцдаа улс төр, философи, хуулийн чиглэлийн хичээлүүддээ онцгой амжилт гарган суралцаж, Оксфордын их сургуульд Докторын зэргээ хамгаалан, 1983 оноос Мелбурнийн их сургуульд багшилж, 1991 оноос өнөөг хүртэл Гриффитийн их сургуульд багшлахын зэрэгцээ Хуулийн сургуулийн эрхлэгчийн албыг давхар хашиж байгаа эрдэмтэн судлаач юм.
Олон улсын судлаач эрдэмтэний лекцийн ач холбогдол нь Гаалийн байгууллагын албан тушаалтнууд авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийн удирдлагыг зөв залуурдан жолоодож, хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй байх, мөн Гаалийн байгууллагын удирдлагаас ажилтнуудынхаа авлигаас ангид байх хүсэл эрмэлзлэлийг хөхиүлэн дэмжиж, сайн зөвлөгч нь байх ёстой гэсэн өргөн утга санааг агуулж байлаа.