Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг хянах, бүртгэх хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан “ЭБАТ-тай ярилцах цаг” нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг Авлигатай тэмцэх газрын байранд 2014 оны 5 дугаар сарын 9-ны өдөр болж гаалийн байгууллагыг төлөөлөн ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан хамрагдлаа.
Энэхүү арга хэмжээгээр, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн дагуу үнэн зөв гаргах, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэн тайлбарлах, түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журмын талаар тус тус сургалт хийжээ.
Мөн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гарсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Тус сургалт, хэлэлцүүлэгт аймаг, нийслэл, яам, агентлагийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 107 албан тушаалтнууд оролцлоо.
2014 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын үеээр санаачлагатай ажилласан эрх бүхий албан тушаалтнуудаа сайшааж урамшуулсан байна.