Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ болон дотоод аудитыг гүйцэтгэж, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж өгөх, удирдлагыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Энэхүү чиг үүргийн хүрээнд ХШҮДАХ нь ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам” зэрэг эрх зүйн актуудыг үндэслэл болгон 2017 оны эхний хагас жилд ГЕГ-ын харьяа Гашуунсухайт болон Шивээхүрэн дэх гаалийн газрын 2015-2016 оны үйл ажиллагаанд; ГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн 2016 оны зарим үйл ажиллагаанд , түүнчлэн ГЕГ-ын даргын 2017 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны статистикийн мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах журам”-ын хэрэгжилт болон ГЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн хэрэгжилтэд тус тус дотоод аудитын ажлыг гүйцэтгэсэн.
Гашуунсухайт болон Шивээхүрэн дэх гаалийн газар болон ГЕГ-ын СХОХ-ийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын үр дүнг холбогдох удирдлагуудад танилцуулан баталгаажуулж, ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн цаашид үйл ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлээр Гашуунсухайт дахь гаалийн газарт 24, Шивээхүрэн дэх гаалийн газарт 32, ГЕГ-ын СХОХ-т 9 заалт бүхий зөвлөмжүүдийг тус тус хүргүүлсэн. Түүнээс гадна дотоод аудитын үр дүнтэй холбоотой ГЕГ-ын холбогдох чиг үүргийн зохион байгуулалтын нэгж, дэргэдэх байгууллагуудад тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх тухай саналуудыг байгууллагын дотоод зурвасаар хүргүүлж байсан. Зөвлөмжийн хүрээнд дээрх нэгжүүд ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтэд ХШҮДАХ-ээс хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар хороодын 2017 оны нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлт болон 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн биелэлтэд байгууллагын захиргаа дотоод үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэн ашиглаж байгаа “Захиргаа дотоод ажлын систем” програмаар холбогдох тайлан мэдээ, судалгаа дүн шинжилгээ зэрэг ажлын баримтуудыг хүлээн авч, хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.
Хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнгээр ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагууд, харьяа газар хороодод CERP програмаар үйл ажиллагаа, шалгуур бүрээр дүгнэлт зөвлөмж өгсөн бөгөөд хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС