Гаалийн байгууллага 2018 оныг “Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих жил” хэмээн тодорхойлсонтой уялдуулан Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар хороод үйл ажиллагаагаа төлөвлөж, үр дүнгээ тайлагналаа.
“Гаалийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-өөс I улиралд зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага 152 хөтөлбөр, арга хэмжээ, харьяа гаалийн газар, хороод 218 хөтөлбөр, арга хэмжээ салбарлуулан төлөвлөсөн байна.
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний I улирлын биелэлтэд Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Сангийн сайдын 2015 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Сангийн яамны харьяа агентлагийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг тус тус удирдлага болгон, дээрх журмуудаар тодорхойлогдсон арга зүйн хүрээнд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэв.
Хяналт-шинжилгээний дүнд гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагууд 90.41 оноо дундчилж <<А>> буюу “Маш сайн” үнэлгээ авсан бол харьяа гаалийн газар хороод 87.43 оноо авч <<B>> буюу “Сайн” дүнгээр үнэлэгджээ.
Гаалийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны I улирлын төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Гаалийн бүрдүүлэлтийн газар 97.14 оноогоор нэгж, дэргэдэх байгууллагуудыг, Орхон аймаг дахь гаалийн газар 93.33 оноогоор харьяа гаалийн газар хороодыг тус тус тэргүүллээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудад нийт 74 зөвлөмж, харьяа гаалийн газар хороодод нийт 85 зөвлөмжийг хүргүүлсэн.