“Эмийн хууль бус эргэлт: Тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” эрдэм шинжилгээний хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Дотоод хэргийн их сургуулиас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурал нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хууль бусаар эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйг тодорхойлох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, практикийн нэгдлийг хангах, эрдэмтэн судлаач, алба хаагчдын шинжлэх ухаанч санал, дүгнэлтийг сонсож, зөвлөмж гарган нийтийн хүртээл болгох зорилготой юм.
Энэ эрдэм шинжилгээний хуралд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат, Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ГУБ Ц.Болор-Эрдэнэ, Буянт-Ухаа дахь гаалийн газрын ГЗТХБА-ны ГУАБ Ц.Эрдэнэбаяр, Улаанбаатар хот дахь гаалийн газрын ГЗТХБА-ны ГУБ Л.Баасанбат нар оролцсон байна.
ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАХАД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт илтгэл тавьсан. Энэ илтгэлийн үр дүнд 4 асуудлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжид тусгаж, хуралд оролцогч нараар хэлэлцүүлсэн байна.
Тухайлбал хууль бус эмийн эргэлтэд хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах асуудлын нэг бол нэр томьёог утга агуулгын хувьд буюу биобэлдмэл ба дархлаажуулалт гэдэг ойлголтыг хэрхэн нэг мөр болгох, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэлийг ил тод болгож Эрх зүйн орчины шийдвэрлэлтэд анхаарлаа хандуулах асуудлыг тодорхойлсон байна.
Дэлхийн худалдааг аюулгүй байлгах болон хөнгөвчлөх “Аюулгүй байдлын багц стандарт”-ын тулгуур гурван баганад “Гаалийн байгууллага болон төрийн бусад байгууллага (агентлаг) хоорондын хамтын ажиллагаа”-г тусгасан байдаг.
Эрүүл мэндийн яамны эмийн бүртгэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэл ил тод байдаггүйгээс эм эмийн бүтээгдэхүүтэй холбоотой зөрчлийн хэргийг шуурхай шийдвэрлэхэд хүндрэл учирч байгааг уг илтгэлд шүүхийн 882 магадлалд шинжилгээ хийж асуудлыг дэвшүүлж тавьсан байна. Уг асуудлыг мэдээллийн технологийг ашиглаж Licemed, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэл хоёрын хоорондын холболтыг нэг болгох боломжийг судлах тал дээр анхаарч ажиллахыг санал болголоо.