mn GB
Mobile menu

ДГБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН 22 ДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ap gallery 2 

ДГБ-ын Ази Номхон Далайн Бүс Нутгийг даргалагч Индонез Улсын гаалийн байгууллага “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Гаалийн байгууллагын дарга нарын 22 дугаар уулзалт”-ыг 2021 оны 4 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уулзалтад бүс нутгийн гаалийн байгууллагын дарга нар, Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Чадавхыг бэхжүүлэх газар, Бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээний удирдах ажилтан, албан хаагчид оролцлоо.
Уулзалтад Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан хаагч нар оролцож бусад орны гаалийн байгууллагын туршлагаас суралцан, ДГБ-ын 2022/2024 оны стартеги төлөвлөгөөний хүрээнд бүс нутгийн алсын хараа, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микурия “Дэлхийн дахинд үүсээд байгаа нөхцөл байдалд гаалийн байгууллага чухал байр суурь эзлэн худалдааны урсгалын тасралтгүй байдлыг хангах, түүний дотор эм, эмийн зүйл, хамгаалах хэрэгсэл, КОВИД-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг хил дамнуулан, найдвартай, түргэн хугацаанд нэвтрүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна. ДГБ-аас КОВИД-19 вируст халдварын эсрэг бодит цагийн мэдээлэл солилцож, тусгай дэд хуудас нээн Гаалийн байгууллагууд хамтран ажиллаж, мэдээлэл солилцож ирлээ. КОВИД-19 вируст халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь өнгөрсөнд хэрэгжүүлсэн ажлаа эргэн харж, шинэ ажиллах зарчимд шилжин баримт бичигт суурилсан хурал, уулзалт, сургалтуудыг чиглэл бүрээр зохион байгуулж, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ амьдралын шинэ хэв маяг бий болгосон.” хэмээн онцолсон.
Бүс нутгийн Гаалийн байгууллагын дарга нарын хуралдааны үеэр ДГБ-аас зохион байгуулахаар төлөвлөсөн “STOP II” ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажил, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар танилцуулсан. Түүнчлэн ДГБ-ын шинэ стратеги төлөвлөгөөний шинэчлэсэн хувилбар болон Чадавхыг бэхжүүлэх газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, Бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох төвөөс зохион байгуулсан, төлөвлөсөн хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх арга хэмжээний талаар харилцан санал солилцсон. Мөн хуралдааны үеэр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас ДГБ-ын Бүс нутгийн гаалийн төв лаборатори болох саналаа танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд хурал даргалагч Ноён Р.Сариф Хидаят бүс нутгийн гаалийн байгууллагууд энэхүү уулзалтад бүсийн хэмжээний тулгамдсан асуудал, стратеги төлөвлөгөө, гаалийн хэргийн нэн тэргүүний асуудлаар харилцан туршлага солилцож, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй оролцсонд талархал илэрхийллээ. Бидний ирээдүйн хөгжилд ДГБ-аас батлан гаргасан арга хэрэгсэл, заавар, зөвлөмж, удирдамж болохыг онцлоод, бүс нутгийн өнөөгийн найрсаг хамтын ажиллагааны платформыг ашиглан, бүс нутгийн хэмжээний нийтлэг зорилгод хүрэхийн тулд КОВИД-19 цар тахлын нөлөөлөлд өртсөн худалдаа, тээвэр, аялал жуулчлалын салбарын тогтвортой, тасралтгүй байдлыг хангахад нягт хамтран ажиллах ач холбогдлыг цохон тэмдэглэсэн.