Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Уялдуулсан Системийн Хорооны 61 дүгээр хуралдааны эхэнд Уялдуулсан Системийн тухай олон улсын конвенцийн 30 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд гишүүн орнуудын гаалийн байгууллагын болон олон улсын байгууллагын төлөөлөл, хүндэт зочид, Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд зэрэг нийт 150 орчим хүн оролцсон байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Кунио Микурия ДГБ-ын боловсруулсан Уялдуулсан Систем нь олон улсын худалдааны нийтлэг хэл болж гаалийн тарифын зорилгоор төдийгүй олон улсын худалдааны статистик мэдээлэл гаргах, худалдааны хэлэлцээ хийх, худалдааг хөнгөвчлөх, хянах,нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, худалдааны бодлого боловсруулах болон эдийн засгийн өсөлтийг хангахад ашиглагдаж буй олон талын ач холбогдолтой хамгийн чухал баримт бичгийн нэг болсныг онцлон дурдлаа.
Уялдуулсан Системийн тухай Конвенцид 1985 онд 4 улс нэгдэн орж хэлэлцэн тохирогч тал болж байсан бол өнөөдөр 156 болж өсөн, хэдийнээ 200 гаруй улс, мөн эдийн засгийн/гаалийн холбоод Уялдуулсан Системийг хэрэглэж байгаа нь дэлхийн хэмжээнд олон улсын худалдааны 98%-ийг хамарч байна.
н.Ronald Jansen (НҮБ-ын статистикийн хэлтэс), н.Philippe Denier(Химийн зэвсгийг хориглох байгууллага), н.Alvaro L.Ribeiro (Уялдуулсан Системийн Хорооны дарга асан), н.Carlos Halasz (Олон Улсын Худалдааны танхим) нар Уялдуулсан Системийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыгонцлон дурдаад Дэлхийн гаалийн байгууллагад талархал илэрхийлж, баяр хүргэв.
Дэлхийн гаалийн байгууллагын Тариф, худалдааны газрын дарга Ноён Пинг Лиү 30 жилийн турш Уялдуулсан Системийг улам боловсронгуй болгоход хувь нэмэр оруулсан үеийн үеийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, цаашид энэ баримт бичгийг хөгжүүлэн авч явахад Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг онцоллоо.
Мэдээлэл бэлтгэсэн: Э.Энхтуул, Н.Баярмаа